8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

2020-08-31 17:17:54

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулжээ. Санаачлагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Д.Тогтохсүрэн нар уг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.08.31) өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулан ажиллах шаардлага үүсээд байна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Хөрөнгө оруулалт бол хөгжил дэвшилд хүрэх гол түлхүүр бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримталж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж байгаа билээ. Тус хуулиар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад нийтлэг эрх зүйн баталгаа олгох, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах, албадан хураахгүй байх, ялгаварлахгүй байх, дэмжих, татварын орчныг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ, бүртгэлийг хөнгөвчлөх зохицуулалтыг тусгасан юм.

 

 

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай” хэлэлцээр, 24 улстай “Худалдаа, эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг байгуулаад байна.

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ҮАБЗ-өөс 2020 оны 01 дүгээр сард “Хилийн боомтыг хаах тухай” зөвлөмж, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-нд “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 39 дүгээр тогтоол гаргасан.

Цар тахлын улмаас улсын хил хаасантай холбоотойгоор агаарын зорчигч тээвэр хязгаарлагдаж, гадаад улсын иргэд, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд, гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан.

Түүнчлэн гадаад эдийн засгийн өсөлт өмнөх жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой боловсруулах, төлөвлөх, санхүүжүүлэх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох зайлшгүй шаардлага бий болоод байгаатай холбогдуулан “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо”-г УИХ-д байгуулах нь зүйтэй гэж үзэж, тогтоолын төслийг боловсруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment