8o
Улаанбаатар хот
mobile menu

"ЭМ-ийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн ч үр дүн нь гарч өөрчлөгдсөн нь ховор байна "

2020-08-28 13:00:00

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-наас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.

Уулзалтад ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байгаа юм.

Өчигдөрийн  уулзалтаар Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал С.Энхболд танилцуулж, холбогдох албаныхантай хэлэлцлээ.

"ЭМ-ийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн ч үр дүн нь гарч өөрчлөгдсөн нь ховор байна "

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Хоёрдугаар эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрийг бид бүхэн сонсож, санал бодлоо солилцлоо. Эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх гол асуудлуудын нэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах. Тиймээс ЭМЯ-аас өвчлөл өндөртэй хавдрын оношилгоо, эмчилгээг бусад томоохон эмнэлгүүдэд болон орон нутагт нэвтрүүлэх зорилт тавьсан.  Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт дүрс оношилгооны хосолмол технологи болох ПЭТ-КТ-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү технологи нь хорт хавдар, зүрх судас, мэдрэлийн эмгэгийн оношилгоонд өргөн ашиглагддаг. Бид энэ технологийг нэвтрүүлснээр хавдрыг эсийн түвшинд оношилж, өвчтөн хавдрын дараа үсэрхийлж байна уу, үгүй юу гэдгийг оношлохоос гадна ард иргэдэд эдийн засгийн асар их хэмнэлтийг үзүүлэх юм. Нөгөөтэйгүүр ХСҮТ-ийн төвлөрлийг сааруулах, ачааллыг хуваалцах ач холбогдолтой.

Хүний нөөцийн хувьд ч нэг дороо бөөгнөрөөд байхгүй, салбар дотроо өрсөлдөөд байлгүй, жигд хүртээмжтэй ард иргэддээ үйлчлэх нөхцөл бүрдэх ёстой.

Түүнчлэн яамнаас бодлогоор нийгмийн эрүүл мэндийг сайжруулах буюу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт нэлээд анхаарч ажиллаж байгаа. Үүнийг бид зөв системтэй ажил болгож чадвал яваандаа эмнэлэгт хэвтэх өвчтөний тоо буурах учиртай. Юуны өмнө бид ард, иргэддээ эрүүл байх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой.

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт хийгдсэн боловч тэр хэмжээгээр үр дүн гараад өөрчлөгдсөн нь ховор байна. Тиймээс ЭМЯ-аас тулгамдаж буй бүх асуудлыг эрэмбэлэн шийдвэрлэж, төсвийн зарцуулалтаа зөв зохион байгуулна.

Эхний ээлжинд төвлөрлийг сааруулахад Улсын нэгдүгээр төв эмнэлэг/УНТЭ/, Улсын хоёрдугаар төв эмнэлэг/УХТЭ/, Улсын гуравдугаар төв эмнэлэг/УГТЭ/, АШУҮИС-ийн харьяа эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн шинээр ашиглалтад орж буй нэгдсэн эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах ажлууд хийгдэнэ. Тухайлбал, УНТЭ дээр л бөөр үзэх биш УГТЭ-т давхар нэвтрүүлэх, ХСҮТ дээр зөвхөн оношлуулах биш УХТЭ-т давхар оношилж, үйлчлэх, УГТЭ-т зүрх, мэдрэл үзүүлэх гэлтгүй УНТЭ, бусад эмнэлгүүдэд мөн үзүүлж, эмчлүүлэх юм” гэлээ.

Уулзалтын үеэр ЭМЯ болон харьяа агентлагийн удирдлагууд УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөртэй холбоотой асуулт асууж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээллийг цаг алдалгүй солилцох талаар хэлэлцлээ. Салбарын асуудлыг шийдэх хамтарсан цуврал уулзалт маргааш ЭХЭҮТ-ийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр үргэлжлэх юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Нэг нь нэгнийхээ ажлыг үгүйсгээд л энэ улс оронд болж байгаа юм их л бага харагдаад байх юм. Хоёр настай хүүхдээ харахаар ажлаасаа лавтай гарчихлаа. Баахан сонгууль албан тушаал ярьсан хүмүүс л байна.
2020/08/31 64.119.25.100
Sarangerel
Songuulidaa zartsuulsiimaa. Minii huu...amaa tataj yav.
2020/08/29 202.126.89.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment