8o
Улаанбаатар хот
mobile menu

Big Gee: Авьяасаа гайхуулчхаад хорвоог орхиод одох юм гэж яаж мэдэх билээ

2020-07-28 15:26:26

"Big Gee”-гийн санаачилсан шинэ, шилдэг реппер шалгаруулах “Street Dreams” тэмцээний ялагч болсон реппер Алтан-Оргил гэмтлийн эмнэлэгт ухаангүй, биеийн байдалд хүнд хэвтэж байна хэмээх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Түүнийг хэсэг этгээдүүд дээрэмдэж, таван давхраас унагасан талаар мэдээлэл цацагдсан юм. Гэхдээ цагдаагийн байгууллагаас тус мэдээллийг үгүйсгэсэн юм.

Алтан-Оргил олон нийтэд “Orice” нэрээр танигдаж реппер “Gee”-тай хамтран уран бүтээл хийгээд байсан юм.  Авьяаслаг залуу реппер маань нас барсан талаар Big Gee өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Түүний нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Харамсалтайгаар нас барсан залуу реппертээ гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

R.I.P М. Алтан-Оргил а.к.а “ORICE”

“Нутгийн чулуу” гэж түүнийг би өхөөрдөж дуудна. Миний амьдралынхаа ихэнх жилийг үдсэн “Толгойт” гэх газар өссөн царайлаг жижигхэн шар хүү бидний бэлдсэн “Стрийт Дриймс” тэмцээнд намайг “Damn” гэж уулга алдуулсан цорын ганц оролцогч бас ялагч нь байсан юм... Анх намайг залгахад утасны цаанаас “Та нээрээ яг Жий ах мөн үү???” гэж хэд хэд лавлаж билээ.

Өөрийн рэпээ үзүүлчихээд араас нь амьсгаа авах ч завдалгүй “Дикц муу байна уу? Үгийг нь өөрчлөхөөр байна уу? Та л яг сул талыг нь мэдэж байгаа даа” гэж дуржигнуулна. Жаахан туршлага л дутуу гэхээс биш үнэндээ түүний рэпд сул тал тун бага байлаа. Үгс нь асгарна. Нэг удаа студид намайг ирэхийг хүлээх зуураа нэг бадаг үг биччихсэн түүнийгээ үзүүлж байж билээ.

Сийрэг толгойтой, сэргэлэн яриатай энэ хүү амьдралын минь хэдхэн сард авьяасаа гайхуулчхаад алаг хорвоог орхиод одох юм гэж яаж мэдэх билээ дээ...

“Багадаа Монгол Рэппэр, Эмгэнэл дуулаад л таныг сонсоод л явдаг байж билээ. Амьдрал ямар гайхалтай юм бэ. Таньтай хамт дуу хийчхээд аав ээждээ хамгийн түрүүнд сонсгоно оо” гэж надруу бичиж байлаа... Ах нь чиний хүслийг гүйцээнэ ээ. Ах нь чамтай хамт хийсэн дуугаа хамгийн түрүүнд аав ээжид чинь сонсгоно.

Алтан-Оргил дүү минь... Энэ Монголын хип хопд ах нь чамайг гялалзуулж амжсангүй ээ... Тэнгэр чи бид хоёрт дэндүү богинохон цаг өглөө дөө.

Амгалан нойрсоорой!!!

(Гэр бүл, мэргэжлийн байгууллагуудаас нь ямар нэг мэдэгдэл мэдээлэл хийтэл худал цуурхал тараахгүй байхыг хүсье.)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл