Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болсон байна.Шүүхээс түүнд 2 жил 8 сар 10 хоног хорих ял оноожээ.
Жүжигчин Т.Билэгжаргал нь хар тамхи болон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 2020 оны нэгдүгээр сард баривчлагджээ. Тухайн үед түүний ээжийгээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.
Прокуророос Т.Билэгжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн дээр дурдагдсан заалтууд:
20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.