Хоёр хоногийн өмнө замын ачаалалтай үед СХД-ээс ХӨСҮТ хүрэх авто замын хөдөлгөөнийг зохицуулж зургаан настай охины амийг аварсан Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн байна.
ХӨСҮТ-ийн клиник эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "Хүнд өвчтэй үхлүүт байсан 6 настай охиныг 13-хан минутанд сэхээн амьдруулах тасагт авчирахад тусалсан Тээврийн цагдаагийн хамт олонд талархаснаа илэрхийлье. ХӨСҮТ-ийн түргэний машин өчигдөр /2020.02.11/Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар нэг талдаа цаг гаран явж байж очив. Ид түгжрэлийн цаг таарсан.
Гэвч охин сэхээн амьдруулах тасагт очиход 20 минут ч тэсэхээргүй байсан учраас Тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13-хан минутанд охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадлаа.
Хэрэв 5 минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархаснаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсч байна.
Хүний амь аврахад нэг хором ч үнэтэй байдаг. Хүний амь аврана гэдэг, тэр дундаа зургаахан настай бяцхан охиныг энэ хорвоод ээж аавтай нь үлдээнэ гэдэг юутай харьцуулашгүй их буян билээ" хэмээн цахим хуудсандаа бичжээ.