Монгол Улсын гадаад худалдааны ашиг 2019 оны эхний 11 сард 1.5 тэрбум долларт хүрч өслөө. Ийнхүү гадаад худалдааны ашиг нэмэгдсэн нь гадаад валютын албан нөөц (ГВАН) хуримтлагдахад эерэгээр нөлөөлж, 2019 оны 11 дүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрээд байна. Засгийн газар, Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт нийт 200 сая ам.долларын санхүүжилтийг олгосноор ГВАН түүхэн дээд хэмжээнд хүрэв. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирлээ.
Ийнхүү ГВАН өсч байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хадгалах, дунд хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэхэд болон Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдах, өсөхөд эерэгээр нөлөөлнө.
Монголбанк цаашид үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.