Жүдо бөхийн World Masters тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 67 орны 445 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр Монголын баг тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг урамтай сайхан барилдсаар дөрөв ялж, финалын барилдаанд ноднингийн “Мастерс”-ийн аварга Косовогийн Д.Красничид ялагдан мөнгөн медаль зүүв.
Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д Монголын хоёр хүчтэн хамтдаа медалийн тавцанд гарч чадсан юм. Энэ жинд ОУХМ Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Маргааш эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 63 кг, 70 кг-ийн бөхчүүд өрсөлдөх бөгөөд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр (73 кг), Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч (хоёул 63 кг), О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, С.Моллаи (бүгд 81 кг) нар хүч үзнэ.