Хоёр жилийн өмнө буюу 2018 онд Нийслэлийн 9 дүүргийн 27 цэцэрлэгийн 810 хүүхэд оролцсон уран хөдөлгөөнт гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болж байсан. Тус тэмцээнд Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн уран гимнастикчид гуравдугаар байрт шалгарч байв.
Харин энэ удаад тус цэцэрлэгийн бяцхан багачууд харь нутагт эх орныхоо нэрийг дуурсгалаа. Тодруулбал, Өмнөд Солонгос улсад болсон Олон улсын хүүхдүүдийн гимнастикийн тэмцээнд Монгол Улсаас Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн 22 хүүхэд оролцож алтан медаль авчээ. Манай улсаас анх удаа нэг цэцэрлэгийн хүүхдүүд багаараа уран хөдөлгөөнт гимнастикийн төрөлд алтан медаль авснаараа онцлогтой болж байгаа юм.
Амжилт гаргасан цэцэрлэгийн багачуудыг МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Цэцэрлэгийн эрхлэгч, багш, эцэг эхчүүдэд нь баяр хүргэе.