ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо болж байгаа. Энэхүү хурлаар өчигдөр Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах асуудлын эцсийн шийдвэрийг хараахан зарлаагүй байгаа юм. Албан ёсны хариу гараагүй байхад зарим албаны хүмүүс манай улсыг "Саарал жагсаалт"-д орсон гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. Тодруулбал, . "Саарал жагсаалт"-д орох эсэх талаар АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж "Миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад орууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөл гэж байдаг. Гэвч ХЗДХ-ийн сайд маань ФАТФ-аас удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэх талаар бодитой ажил огт хийгээгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөөх хэлэлцээ хүнд байгааг АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа бичсэн байсан юм. Тэрбээр "Нөхцөл байдал хүнд байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс" хэмээн жиргэсэн байсан юм. Харин өчигдөр энэ асуудлаар Монгол банк албан ёсны мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийж, "Саарал жагсаалтад Монгол Улс орох эсэх албан ёсны хариуг Баасан гарагт зарлана. Ер нь Саарал жагсаалтад орлоо гэхэд олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа зогсох биш, хамтран ажиллахад эрсдэл байна гэж үзнэ гэсэн үг. Өнөөдөр яригдаж буй саарал жагсаалтын эрсдэлийн шар гэрэл аль 2017 онд ассан. 40 зөвлөмжийн 20 нь биелдэггүй, үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 заалтын 9 нь хэрэгждэггүй гэсэн дүгнэлтийг 2017 онд бидэнд өгч байсан. Харин өнөөдрийн хийсэн ажлынхаа хүрээнд Саарал жагсаалтад орохооргүй байна" гэсэн мэдээллийг өглөө.