-13o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөгөө: Өвлийн үс арчилгаа

2019-10-15 10:55:58

Хүйтэн өвлийн улирал дөхөж байгаа учраас охид бүсгүйчүүдээ зориулсан ээлжит зөвлөгөөг хүргэж байна.  Өвөл үсээ сайн арчилж чадвал бүсгүй та хавар, зуны улиралд эрүүл, намирсан үсээрээ гоёх боломжтой болно. Өдөр тутмын үйлдэл давтагдсаар биднийг ямар нэгэн үр дүнд хүргэдэг. Тиймээс өөрийн гоо сайхандаа өдөр тутам, ямар ч улиралд, хаана ч байсан анхаарч байх нь чухал. Ингээд өвлийн цагт үсээ хэрхэн арчлах талаар чухал зөвлөгөөг бүсгүйчүүддээ хүргэе. 

Шампуниа хэтрүүлэхээс зайлсхий

Өвлийн хүйтэн уур амьсгал ганцхан таны нүүрний арьсанд нөлөөлж хуурайшуулдаг гэж бүү бод. Үсэнд чинь бас нөлөөлнө. Долоо хоногт 2-3 удаа л үсээ угааж бай. Өдөр бүр тогтмол угаах нь үсийг хуурайшуулах үндэс болдог. 

Мөн үсээ угаахдаа хэт халуун ус ашиглаж болохгүй. Халуун усаар угаасан үс цахилгаанжиж, ширэлддэг байна. Харин зөөлөн бүлээн усаар угаасан угаавал үс чинь толигор сайхан болно. 

Заавал ангижруул

Хүйтнээс үсээ хамгаалах хамгийн сайн аргын нэг нь ангижруулагч байнга хэрэглэж байх билээ. Сайн чанарын ангижруулагч худалдаж аваад үсээ угаах бүртээ хэрэглэ. Гэхдээ ангижруулагчийг хуйхандаа түрхэж болохгүй. 

Зөвхөн үсний уг болон үзүүр хэсэгт сайтар түрхэхэд л хангалттай. Учир нь ангижруулагч гэдэг бол хуйхыг биш үсийг өнгөлөг харагдуулж, гадны ямар нэгэн сөрөг нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй юм.

Үсний сэнсээ далд хий

Үсээ өөрөөр нь буюу сэнс ашиглахгүйгээр хатаах нь хамгийн сайн арга. Үүний ач холбогдол өвлийн улиралд бүр ч ихээр нэмэгдэнэ. Зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал сэнсээ хүйтэн үлээдэг тохиргоон дээр нь тавьж байгаад үсээ хатаагаарай.

Учир нь халуунаа бодвол хүйтэн агаараар үлээлгэх нь үсэнд үзүүлэх сөрөг нөлөө багатай байдаг юм. Мөн үсний индүү, буржийлгагч хайч зэргээ бага хэрэглэхийг хичээгээрэй.

Малгай өмс

Хэрвээ үсэндээ хайртай бол үсээ “хадгалах” хэрэгтэй. Гадагш гарах бүртээ малгай өмсөж хэвш. Гэхдээ малгай өмсөхөд учир бий. Охид бүсгүйчүүд ихэнхдээ үснийхээ үзүүр хэсгийг малгай болон гадуур хувцас дотуураа хийлгүй ил гаргаж явдаг.

Малгай болон ороолт өмсөх нь хэт хүйтэн цаг агаартай үед үсний чийгшилийг хадгалж, хөлдөхөөс хамгаалдаг сайн талтай. 

Үсээ цахилгаанжихаас сэргийл

Дээр дурдсанчлан малгай өмсөх, ороолт зүүх, нийлэг материалтай ойртох үед үс босож, цахилгаанждаг. Үүнээс сэргийлэх энгийн арга нь үсээ самнахаасаа өмнө үргэлж чийглэж байх юм.

Самаа норгоод үсээ самнах, мөн самнасныхаа дараа зориулалтыг чийглүүлэгч шингэн үс рүүгээ цацах нь бүр сайн нөлөөтэй байдаг.

Нойтон үстэй гадагш бүү гар

Нойтон үстэй гарах нь үсэнд хамгийн хортой байдаг. Зуны цагт нойтон үстэй гараад хатаах нь сайхан арга ч гэсэн өвлийн цагт замдаа хатчихна биз гэж найдах хэрэггүй. Учир нь хүйтэн цаг агаар таны үсийг хөлдөөнө. 

Хөлдсөн үс амархан хугарч, салаалдаг. Тиймээс өглөө ажил, хичээлдээ явахаасаа өмнө үсээ угаах гэж байгаа бол хатаах цагийг ч бас тооцоолж байгаарай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment