Улсын аварга Э.Оюунболд өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Монголын бөхийн холбооны хоёр хуваагдсан байдал эцэстээ тулж түрүүлсэн бөхөөрөө бусармаг үйлдэл хийж байна. Энэ бүхэн бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйтай холбогдуулан мэдэгдэл хийж байна. 14 наснаасаа аварга багшийнхаа шавь болоод явж байна. Аварга багш маань надад хоёр зүйлийг маш сайн захисан. Архи ууж болохгүй, допинг хэрэглэж болохгүй гэж ямагт захидаг байсан. Би допинг хэрэглэж үзээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч туслана уу. Монголын допингийн холбооныхон тавуулаа байж байгаад задалж, үзэх ёстой байсан. Гэтэл ганц, хоёр нь задлаад сошиал ертөнцөд цацаж, бөхчүүдээр над руу дайралт хийлгэж байна. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Миний шээсийг сольсон байна. Би хууль хяналтын байгууллагын хараа хяналт дор гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна. ДНК-ийн шинжилгээг бас өгмөөр байна. Наадмын өмнө над руу нэг биш удаа дайрч давшилж байсан. Намайг түрүүлсэн ч бай түрүүлээгүй ч бай чамаас допингийн бодис илрүүлнэ гэж нэг бус удаа хэлж байсан.Энэ үйлдэлүүд эцэс цэгтээ хүрлээ. Нэгэн цаг үед барилдаж байсан Хадбаатар аварга бий, дийлэхгүй болохоороо хэрэг тохоод шоронд оруулж байсан. Э.Оюунболд гэдэг хүнийг залуу байна, бяртай гэдэг талаас нь дайрч байгаа нь илт байна. Үүнийг Монголын ард түмэн зөвөөр ойлгох байх аа. Би өөрийгөө өмгөөлж байгаа юм биш, бөхийн өв соёлоо авч үлдмээр байна. Үүний төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээн хэллээ.