Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бурмаа нар өнөөдөр “БГД-ийн боловсрол, эрүүл мэндийн салбарыг самрахаа зогсоо” сэдвээр мэдээлэл хийлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа: Улсын их баяр наадмын өмнөх өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь долдугаар сарын 10-ны өдөр Б/34 дугаар тушаал гаргаж дүүргийн Засаг даргатай зөвшилцөж, мэдэгдэлгүйгээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг албан тушаалаас чөлөөлж, хууль зөрчсөн үйлдэл гаргалаа.
Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-Т “АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА НЬ ТУХАЙН ШАТНЫ ЗАСАГ ДАРГАТАЙ ЗӨВШИЛЦӨЖ, ХАРЬЯА НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС БУСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛАГЫН ДАРГЫГ ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСНЫ ДАГУУ ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛНӨ” заалтыг зөрчиж байна.
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД
31.1.Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.
40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:
40.1.1.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
40.3.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.
40.5-АЖИЛ ОЛГОГЧ ЭНЭ ХУУЛИЙН 40.1.1, 40.1.2 -Т ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ТУХАЙГАА АЖИЛТАНД НЭГ САРЫН ӨМНӨ МЭДЭГДЭХ БӨГӨӨД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ САЛБАР, НЭГЖ ТАТАН БУУГДСАНЫ УЛМААС АЖИЛТНУУДЫГ БӨӨНӨӨР ХАЛАХ ТОХИОЛДОЛД АЖИЛТНЫ ТӨЛӨӨЛӨГЧДӨД 45 ХОНОГИЙН ӨМНӨ МЭДЭГДЭЖ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ. Гэсэн заалтуудыг мөн зөрчсөн байна.
Үүнээс гадна Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Жаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Улс төрийн зорилгоор дахин нэг хууль бус томилгоо Баянгол дүүрэгт хийгдлээ.
Дүүргийн боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг Засаг даргатай зөвшилцөлгүй ажлаас нь чөлөөлсөн. Хэдхэн хоногт удаа дараа хууль бус томилгоонууд хийгдэж байна” гэлээ. Тэрээр эрүүл мэнд, боловсролын салбарын шалгуурт тэнцэхгүйн дээр дүүргийн Засаг даргатай зөвшилцөөгүй, хууль бусаар томилогдсон хүмүүстэй хамтарч болон ажиллах боломжгүй гэв.