16o
Улаанбаатар хот
mobile menu

Улаан бурхан өвчин Европыг айлгаж байна

2019-07-22 12:48:14

Ханиадтай төстэй шинж тэмдгээр эхлээд богино хугацаанд хүндэрч, үхэлд хүргэдэг улаан бурхан өвчний халдвар Европт газар авах хандлагатай болжээ. Өнгөрсөн зун Европын орнуудаар аялахаар төлөвлөж байгаа жуулчид улаан бурхны эсрэг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээ шалгахад илүүдэхгүй болохыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ мэргэжилтнүүд сануулж байв. Европт улаан бурхан өвчний улмаас урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй олон хүн нас барсантай холбогдуулан аялагчдыг улаан бурхан, улаанууд, гахайн хавдрын вакцин хийлгэхийг анхааруулсан нь энэ ажээ. Европын орнуудад 2018 оны эхний зургаан сард улаан бурхны улмаас 37 хүн нас барсан нь 1990-ээд оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсны зэрэгцээ 41 мянга орчим тохиолдол бүртгэгджээ.

Тэгвэл Германд ирэх 2020 оноос эхлэн бүх хүүхдийг вакцинд хамруулахаар болоод байна. Германы Засгийн газар Лхагва гаригт бүх сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг улаан бурхан өвчний вакцинд хамруулах хуулийг баталлаа. Ингэхдээ хүүхдээ вакцинд хамруулаагүй бол эцэг, эхийг 2500 еврогоор торгох шийтгэл оногдуулахаар болжээ. Учир нь тус улсад вакцинд үл итгэх, эсэргүүцэх хандлагатай эцэг, эхчүүд олон байдаг юм. Түүнчлэн сурагчдыг вакцинд бүрэн хамруулах үүргийг сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид ч хүлээх аж. Улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалт ирэх 2020 оны гуравдугаар сард эхлэх юм.

Германы Эрүүл мэндийн сайд Иенс Спахн хэлэхдээ “улаан бурхан бол маш халдвартай, хурдан хугацаанд үхэлд хүргэдэг өвчин. Тиймээс бид бүх хүүхдийг энэ аюулт өвчнөөс хамгаалахыг хүсч байна” гэжээ. Өмнө нь улаан бурхны өвчний эсрэг албадан вакцинжуулалт зөвхөн Бранденбург мужид хэрэгждэг байсан бол хууль батлагдсанаар улс даяар хэрэгжихээр болж байна. Гэхдээ хуулийг парламентад хэлэлцүүлэн батлах ёстой. Герман улсад улаан бурхан өвчний тохиолдол 2017 онд гурав дахин нэмэгдэж, халдвар авсан 1000 хүн бүртгэгджээ. Харин 2019 он гарсаар 400 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдах хувь 92.9 хувьтай байдаг ч жил ирэх бүр буурсаар байгаа аж.

Эцэг, эхчүүд хүүхдээ вакцинд хамруулахаас татгалзах байдал нэмэгдсэнээр хөгжингүй орнуудад өмнө нь бүрэн устсан халдварт өвчин дахин сэргэх болжээ. Эцэг, эхчүүд вакцины сөрөг урвал, харшлаас шалтгаалан хүүхэд нь аутизм тусах болон бусад хөгжлийн бэрхшээлтэй болдог гэдэгт итгэн дархлаажуулалтад хамруулдаггүй байна. Тухайлбал, энэ оны эхээр АНУ-ын Нью-Йорк мужид өнгөрсөн гуравдугаар сард улаан бурхан өвчинтэй холбогдуулан онц байдал зарласан юм. Учир нь вакцинд хамрагдаагүйн улмаас улаан бурхан өвчнөөр хүнд өвчилсөн хүүхдүүдийн тоо тус муж дахь хэд хэдэн хотод нэмэгджээ. Улмаар Нью-Йорк муж улсад албадан вакцинжуулалтад хүүхдээ хамруулаагүй эцэг, эхийг 1000 ам.доллараар торгох журмыг танилцуулсан байна. Сүүлийн жилүүдэд АНУ дахь вакцинд хамрагдалтын тоо эрс буурсан нь үүний гол шалтгаан болж буйг тус улсын эх сурвалжууд мэдээлэв.

1980-аад онд вакцин гарахаас өмнө улаан бурхан өвчнөөр жилд 2.6 сая хүн нас бардаг байсан ба олонх нь хүүхдүүд байв. Өдгөө хүүхэд насанд нь хоёр удаа вакцин хийснээр улаан бурхнаас бараг зуун хувь хамгаалж байгаа юм. Зарим тохиолдолд насанд хүрсэн хүн байнга антибиотик хэрэглэдгээс болоод энэ хамгаалалтаа алддаг байна. Иймд дахин вакцин хийлгэх хэрэгтэй аж. Өдгөө вакцинд хамрагдаагүйгээс болж жилд 100 мянган хүн улаан бурхан өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа гарчээ.

Дэлхий даяар жилд хоёр тэрбумыг хол давсан тун вакцин үйлдвэрлэгддэг гэсэн албан бус тоо байдаг бөгөөд дэлхийн нийт хүн амын 85 хувь нь их, бага ямар нэг хэмжээгээр вакцинд хамрагдсан байдаг аж. Вакцинд хамрагдаж чадаагүйгээс болж дэлхий даяар 20 секунд тутамд бага насны нэг хүүхэд энддэг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment