Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэн, аялж явахдаа хүндээр өвдөж, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтээд байгаа билээ. Элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштой байгаа бөгөөд түүний биеийн байдал нь маш хүнд байгаа юм. Иймээс түүнд туслах хөдөлгөөн фэйсбүүк орчинд энэ өдрүүдэд эрчимтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Никитон хамтлагийнхан "Мөнгөтэй зочин" нэвтүүлэгт оролцон 900 мянган төгрөг хожсон бөгөөд нийт 2 сая төгрөг болгож О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлалаа. Мөн Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөний эмчилгээнд 10 сая төгрөг, Петровис группын ТУЗ-ын дарга Ч.Давааням хувиасаа 10.000 америк доллар хандивлажээ.
О.Дөлгөөнийг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш түүний найз охин сахиж, эмнэлгийн бүх харилцаа холбоог зохицуулж байсан юм. Тэгвэл өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамнаас О.Дөлгөөний ар гэрийнхэнтэй холбогдож, аав, ээжийнх нь визний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн талаар мэдэгджээ. Ингэснээр тэд өнөөдөр яаралтай АНУ-ыг зорьж, хүү дээрээ очих боломжтой болж байгаа юм.