8o
Улаанбаатар хот
mobile menu

Нур-Султаныг зорих Монголын бөхчүүд тодорлоо

2019-06-24 10:07:50

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 21-23-нд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд боллоо.

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх Монголын баг тамирчдыг сонгох тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, Баянзүрх, Баянхонгор, “Говийн бөх”, “Даян”, “Женко”, “Ирээдүйн одод”, МУБИС, “Приус”, “Сүлд”, Сонгинохайрхан, “Төгс”, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хилчин”, “Хүч”, “Хангай хайрхан уул”, “Цастын барс”, “Эрч” спорт хороо гэсэн 26 байгууллагын 241 тамирчин (эрэгтэй 159, эмэгтэй 82) тамирчин 20 жинд өрсөлдөв.

Энэ жингийн жин тус бүрийн аваргууд Казахстаны дэлхийн аваргад зодоглох бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 53, 59, 62, 65, 72 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаан шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Улсын аваргын сүүлийн өдрийн эргэн тойрон дахь мэдээллийг хүргэе.

ТАВАН БӨХ ХОЁРООС ДЭЭШ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭВ

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн дөрвөн жил дараалж зургаа дахь түрүүгээ хүртэв. Тэгвэл хүнд жинд 2014 оны Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга гурван жилийн дараа улсын аваргаас дөрөв дэх алтан медалиа зүүлээ. Тэрбээр шигшээ барилдаанд энэ жингийн лидер ОУХМ Н.Золбоог оноогоор цэвэр (11:0) ялж олимпийн эрхийн төлөө дэлхийн аваргад зодоглоно. “Будапешт-2018” ДАШТ-ий медальтнууд болох ОУХМ Т.Түвшинтулга гурав, ОУХМ Б.Шоовдорж тав дахиа аваргалснаар өнгөрсөн жилийн медалийнхаа өнгийг Нур-Султанд хувиргах боломж той болсон юм. 97 кг-д дэлхийн чансааны гуравдугаар бичигдэж буй ОУХМ Ө.Батзул улсын хошой аварга болсноор гурав дахь дэлхийн аваргадаа хүч үзэхээр болов.

 ЕСӨН ЖИЛИЙН ДАРААХ ХОЁР ДАХЬ ТҮРҮҮ

Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 2011 онд “Монголиа Опен” ОУТ-д үзүүрлэснээс хойш хүнд бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Тэгвэл найман жилийн дараа дэвжээндээ эргэн ирэв. Зүгээр ч нэг эргэн ирсэнгүй, 72 кг-ын жинд түрүүлж насанд хүрэгчдийн ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглох эрхтэй боллоо. Тэрбээр улсын аваргын шигшээ барилдаанд “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, эмэгтэй бөхчүүдээс улсын аваргад хамгийн олон алтан медальтай (11 удаа) хашир туршлагатай ОУХМ Б.Одончимэгийг 7:6-гаар ялж есөн жилийн дараа улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртэв.

 ДАХИН ДӨРВӨН АВАРГА ТӨРЛӨӨ

Өчигдөр улсын аваргад гурван аварга мэндэлсэн бол сүүлийн өдөр дөрвөн аварга төрлөө. 74 кг-ын жинд 2018 оны улсын дэд аварга ОУХМ З.Сумъяабазар гавьяат тамирчин П.Өнөрбат, өсч яваа залуу тамирчид болох Б.Бат-Эрдэнэ, Э.Бямбадорж, М.Тэмүүжин нарыг ялж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж анх удаа түрүүлэв. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгорын М.Пүрэвтунгалаг, 62 кг-д “Хилчин”-ий Э.Гантуяа, 65 кг-д “Аврагч”-ын Х.Болортуяа нар анх удаагаа Монгол Улсын аварга болцгоолоо.

Э.СУМЪЯА ЖИНГЭЭР ХАСАГДАЖ ЖИНД НЬ ШИНЭ АВАРГА МЭНДЛЭВ

“Ташкент-2014” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа хоёр дахь өдрийн жингээ үзүүлэхэд 50 граммаар илүү байснаар тэмцээнээс хасагдсан. Ингэснээр түүнд хагас шигшээд ялагдсан “Алдар”-ын Г.Мөнхцэцэг алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Түүний жинд шинэ аварга төрөх нь тодорхой болж, энэхүү боломжийг энэ жилийн залуучуудын улсын аварга 18 настай тамирчин М.Пүрэвтунгалаг ашиглаж “давхар цохилт” хийлээ. 62 кг-д “Цастын барс” клубийн тамирчин М.Хишигмаа мөн жингээр хасагдаж “Женко”-гийн Ө.Пүрэвсүрэн барилдалгүйгээр ялалт авав.

 

 АХ ДҮҮ, ЭГЧ ДҮҮ БӨХЧҮҮД МЕДАЛЬ ЗҮҮВ

Энэ удаагийн улсын аваргад ах дүү, эгч дүү бөхчүүд медаль хүртэв. 74 кг-ын жинд түрүүлж дэлхийн аваргад зодоглох болсон З.Сумъяабазарын төрсөн ах ОУХМ З.Занабазар 57 кг-д хүрэл медаль хүртсэн. З.Занабазарын эхнэр Г.Мөнхцэцэг 53 кг-д мөнгөн медаль хүртэж, гэрийнхээ хойморт хоёр өөр өнгийн медаль өлгөхөөр болсон юм. 53 кг-ын жинд “Алтайн барс”-ын Чука хэмээх П.Чулуунбаатарын шавь Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул гээд төрсөн эгч дүүс хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон нь ховорхон тохиолдол. Эгч нь өнгөрсөн жилийн Трнавад болсон залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн бол дүү нь “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпод зодоглож тавдугаар байрт орж байв.

“АЛДАР”, “ЖЕНКО” ӨНГӨРСӨН ЖИЛИЙН АМЖИЛТАА БАТАТГАЛАА

Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 125 оноогоор тэргүүлж, Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС 105 оноогоор удаалж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 96 оноогоор гутгаар байр оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 200 оноогоор нэг, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 163 оноогоор хоёр, ОУХМ Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 147 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ.Сонирхуулахад, “Алдар”, “Женко” клубүүд өнгөрсөн жил багийн дүнгээр тэргүүлсэн бөгөөд энэ жил амжилтаа бататгасан.

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН

Эрэгтэйчүүдийн 61 кг (14): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС) 2. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (хоёул Алдар), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 74 кг (18): 1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 3. Бямбадоржийн Бат-Эрдэнэ (Алдар), Мэндбилэгийн Тэмүүжин (МУБИС) 86 кг (7): 1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 3. Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс) 97 кг (8): 1. Өлзийсайханы Батзул (Аврагч) 2. Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг) 3. Болдбаатарын Баянсүх (Аварга), Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин) 125 кг (12): 1. Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 2. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Даян), Буянтогтохын Ганзолбоо (Хангай хүчтэн) Эмэгтэйчүүдийн 53 кг (9): 1. Мөнхбатын Пүрэвтунгалаг (Женко) 2. Ганболдын Мөнхцэцэг (Алдар) 3. Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул (хоёул Хилчин) 59 кг (9): 1. Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Наранцацралын Энхтуяа (Аврагч) 3. Сандагдоржийн Наранцэцэг (Хилчин), Пүрэвийн Отгонбаяр (Женко) 62 кг (7): 1. Энхбатын Гантуяа (Хилчин) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко) 65 кг (8): 1. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Женко) 3. Энхбаярын Цэвэгмид (Алдар), Зоригтын Болортунгалаг (Хангай хайрхан уул) 72 кг (11): 1. Банзрагчийн Оюунсүрэн (Женко) 2. Бадрахын Одончимэг (Алдар) 3. Тамирын Оюун-Эрдэнэ (Хилчин), Найгалсүрэнгийн Загардулам (Хангай хайрхан уул)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл