8o
Улаанбаатар хот
mobile menu

Гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртэж, Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв

2019-05-12 13:00:00

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөхчүүд олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.

Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 тамирчин хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр долоон бөх барилдсанаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв.

image

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшинг эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялж, хагас шигшээд Гүржийн бөх Н.Темурд ялагдлаа. Манай бөх хүрэл медалын төлөөх шийдвэрлэх барилдаанд Францын бөх Х.Валидетай барилдан ваза-ари үнэлгээрээр ялан медалын тавцанд зогсчээ. Энэ жинд барилдсан Л.Өнөболд эхний тойрогт ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

66 кг-д Ё.Басхүү Болгар, Монтенегро, Бразил, Испаний бөхчүүдийг дараалан ялж, хэсгийн аварга болсон. Манай бөх хагас шигшээд Азарбайжаны Ш.Нижатад ялагдсан ч А.Ибрахимыг ялж, хүрэл медалын эзэн боллоо. Энэ жинд барилдсан Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгажээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаас бөх барилдаагүй бол 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар барилдаж эхний барилдаанаа ялагдан тэмцээнээ дуусгажээ.

Харин 57 кг-ын жинд барилдсан Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв. Тэрбээр”С” хэсгийг тэргүүлэн барилдаж хэсгийн аваргын төлөө Унгарын жүдоч Х.Каракаст ялагдсан. Манай бөх дагах барилдаанд Францын Р.Хелентэй таарсан ч ялагдал хүлээснээр хүрэл медалын төлөө барилдаж чадсангүй. Энэ жинд олимпийн аварга Бразилын Р.Силва алтан медаль хүртэж, дэлхийн аварга Японы Ц.Ёшида мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалыг Франц, Унгарын бөхчүүд хүртжээ.

Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр манай долоон жүдоч дэвжээнд гарснаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв. Тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

image

Манай бөхчүүдээс 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч тус тус барилдана. 73 кг-д 40 бөх барилдах бол 81 кг-д хамгийн олон буюу 48 бөх барилдана. Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр 14 орон ямар нэгэн медаль хүрснээс Бразил хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Испани, Франц, Молдав улс нэг аваргатай II-V байрт бичигдлээ. Япон, Азарбайжан, Гүрж, Монгол, Португал, ОХУ мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаараа удаалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment