БСШУСЯ-наас Соёл, урлагийн чиглэлээр Оросын холбооны Улсад мэргэжилтэн бэлтгэх бодлогын хүрээнд сүүлийн 15 жилийн хугацаанд нийт 200 гаруй мэргэжилтэн төгсөж ирээд байгаа аж.
Ирэх хичээлийн жил буюу 2019-2020 онд тус улсад ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцах оюутныг сонгох урьдчилсан шалгаруулалт энэ сарын 25-ны өдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болж өнгөрсөн юм.
Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд соёлын салбарт хамтран ажиллах 1995 оны гэрээ, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Оросын Холбооны Улсын Соёлын яамны хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу суралцах оюутны урьдчилсан сонгон шалгаруулалтыг өнгөрсөн өдрүүдэд "Россотрудничество" агентлагтай хамтран зохион байгуулжээ.
Урьдчилсан сонгон шалгаруулалтаар уран барималч, балетмейстр, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, театрын зураач, урлаг судлаач зэрэг нарийн мэргэжлээр 12 оюутныг нэр дэвшүүллээ. Дээрх оюутнууд сонгосон сургуульдаа очиж мэргэжлийн шалгалт өгч эцсийн шийдвэрээ сонсох юм.
Сүүлийн жилүүдэд театрын зураач, барималч, урлаг судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх үйл явц тасраад байсан бол энэ удаагийн элсэлтэд дээрх мэргэжлээр элсэгчид шалгаруулалтад тэнцсэнээрээ онцлог болсныг БСШУЯ мэдээлэв.