Малчин түмэн Монголчууддаа туслах зорилготой “Илгээлтийн эзэд” аяныг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.. Тус аян нь Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой аж. Аяныхаа талаар МУГЖ С.Жавхлан "Тус аяныг санаачилж зохион байгуулж байгаа Т.Баясгалан бид хоёр "Илгээлтийн эзэд" хамтарсан тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүхий л аймаг, суманд хийх төлөвлөгөөтэй байна. Тоглолтын бүх ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна ОБЕГ-аар дамжуулан хэрэгтэй эд материал, бэлэн мөнгө болж эзэндээ очих болно бол гэсэн бол МУГЖ Т.Баясгалан "Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ уулзаад баяртай байна. Малчин түмэн маань 20-иод жилийн турш бидний дууг сонсож, дэмжиж, хайрлаж ирсэн. Тиймээс бид нар ч гэсэн өөрсдийнхөө чадлаар малчдаа дэмжих учраас ийнхүү аяныг санаачилсан. Эхлээд Улаанбаатар хотын Бөхийн өргөөнд энэ сарын 14-нөөс тоглогдох болно” гэсэн байна. МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа дахин хамтарсан тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд тэд бидний тоглолтонд ирэхдээ цэцэг, бэлэг биш, малчин ард түмэнд хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай гэж хүсье гэсэн юм.