Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийсэн. 2018 оны жилийн эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд улаанбурхан өвчний 229,068 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор Зүүн өмнөд Азийн бүсийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсэд Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ-д улаанбурханы дэгдэлт гарч байгаа тул уг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байсаар байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанид гадаад улсаас ирж ажиллаж буй инженер халуурч тууралт гарсан шинж тэмдэг илэрч, манайд хандсан. Уг иргэнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу лабораториар батлагдаж Монгол Улсад улаан бурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдоод байна. Бид Ханбогд сумын болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай онлайнаар шуурхай хуралдаан хийж заавар зөвлөгөө өгч онгоцоор ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг илгээгээд байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлаж, голомтыг дэлгэрүүлэхгүй байх ажлыг эхлүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө.
Улаанбурхан өвчин халдвар өндөртэй бөгөөд дархлаа султай, архаг хууч өвчтэй, тэжээлийн доройтолтой, тураалтай, хөхөөр хооллодоггүй 0-4 насны хүүхдүүд өвчлөх өндөр магадлалтай байдаг. Иймд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж улаанбурханы хоёр тун вакциныг есөн сартай хүүхдээс дээш бүх хүн хийлгэж болох юм байна.
ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл “2018 оны сүүлийн хагас жилээс улаанбурхан өвчин дэлхий маш олон оронд үргэлжлэн дэгдэж байна. Манай улсын хувьд Эрүүл мэндийн яамнаас тодорхой, үр дүнтэй зөвлөгөө, сэрэмжлүүлэг, арга хэмжээ явуулж байсан учир өнөөдрийг хүртэл тайван байлаа. Харамсалтай өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж буй иргэнээс улаанбурхан өвчний анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирлээ. Энэ нь цаашид манай улсад тархвар судлалын эрсдэл үүсэж, энэ халдварт өвчин тархах эрсдэл өндөр болж байна. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээлэл хийж байна" гэдгийг онцоллоо.
Улаанбурхан өвчний онцгой шинж тэмдэг:
-Хүүхэд өндөр халуурч, хүүхдийн нүд нуухтаж, тууралт өгөх
-Хоолой боогдож амьсгалын дутагдалд амархан орох
-Цаашид хүндэрвэл хараагүй болох, дүлийрэх, тагнай цоорох зэрэг эрсдэлтэй.
Иймд Эрүүл мэндийн яамнаас:
-Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх!
- Вакцины насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
- Шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.