Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад энэ жилийн цагаан сар эрсдэл багатай тайван байсан талаар ЭМЯ мэдээллээ. Гэхдээ бага насны хүүхдээ дагуулан айлаар их зочилсонтой холбоотой ходоод гэдэсний хямрал нийт бүртгэгдсэн өвчлөлийн 60 хувийг эзэлж байна. Хоёрдугаарт, нийт өвчлөлийн 20 гаруй хувийг хүүхдээ дааруулснаас болж хөл гарыг нь хөлдөөх осол гэмтлүүд эзэлж байна.
Халдварт өвчний тухайд Увс аймгийн төв болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт менингокок, менингитийн хоёр өвчлөл бүртгэгдсэн байна. Эмч нар, эцэг эхчүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хоёр хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирч байгаа. Энэхүү өвчлөлийг цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Учир нь маш хурдан хугацаанд өвчин хүндэрдэг онцлогтой. Өвчний гол шинж тэмдэг нь хүүхэд гэнэт өндөр халуурах, бөөлжих, хүзүү, дагз хөших, биеэр нь туурч улмаар богино хугацаанд цусархаг тууралтад хүрч амь нас эрсдэх аюултай халдварт өвчин юм. Эмчилгээ цагтаа эхлэх юм бол ялангуяа антибиотик эмчилгээ цагтаа эхэлбэл амь насанд аюулгүй.Энэ өвчний гол халдаагч нь нэгдүгээрт өвчтэй хүн, хоёрдугаарт нян тээгч буюу гол төлөв насанд хүрсэн хүмүүс байдаг аж.
Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн биеийн дархлаа суларч хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин менингококк юм.
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах. тандалт шуурхай удирдлагын хэлтсээс менингококкийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг гаргасныг хүргэж байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хамар хоолойг эрүүлжүүлэх, дархлааг сайжруулах, гарын ариун цэврийг сахих шаардлагатай юм байна. Мөн эмчийн заавраар менингококкийн халдварын эсрэг вакцинд хамрагдаж болно гэжээ.