Богд хааны ордон музейн хамт олон энэ лхагва гариг буюу шинийн наймны өдөр "Нэг өдрин Цагаан дара эх" бүтээх арга хэмжээ болон Цагаан дара эхийн сэдэвчилсэн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. ХХ зууны эхэн үе 1924 оныг хүртэл Их хүрээнд жил бүрийн билгийн улирлын шинийн найманд Өндөр гэгээний тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эх бурхныг нэгэн өдөрт бүтээдэг уламжлалтай байжээ. Уг өдөрт багтаан Цагаан дара эх бурхныг бүтээснээр тухайн бүтээлч бурханч болох эрхээ авдаг байсан гэдэг. Тийм ч учраас энэ цаг үед бүтээгдсэн үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эх бурхан нэлээд тоогоор Монголын музейнүүдэд хадгалагдаж байдаг аж.
Шинийн наймны билэгт сайн өдөр Богд хааны ордон музейг үзэж, хааны голомтод хадгалагдаж буй эртний авшиг адистэд ихтэй шүтээнд залбиран сүслэхийн зэрэгцээ, "Нэг өдрийн Цагаан дара эх" үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, олон урчууд нэгэн өдөрт багтаан хуучны уламжлалаар Цагаан дара эх бурхан бүтээхийг үзэх боломжтой ажээ. Шинийн наймны өдөр Богд хааны ордон музей хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм байна.
Энэ өдөр дэлгэгдэх Цагаан дара эхийн сэдэвчилсэн үзэсгэлэнд алдарт зураач "Марзан" хэмээх Балдуугийн Шаравын бүтээсэн нэгэн өвөрмөц бүтээл олны мэлмийд хүрэх ажээ. Нэрт зураачийн төдийлөн олонд дэлгэгдэж байгаагүй нэгэн гайхамшигтай бүтээл Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Уг бүтээлд Цагаан дара эх бурхныг бодит хүний дүрээр дүрсэлсэн нь тухайн цаг үеийн Монголын шашны урлагт ихээхэн шинэлэг хэв маягийг нэвтрүүлсэн байна.