8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилдэг өвлөн уламжлагч “Дөмөн” Дулмаад шагналыг нь гардууллаа

2019-01-30 14:23:46

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор нийт улсын хэмжээний нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дуламыг тодруулсан байна.

Өвлөн уламжлагч, уртын дууч Доржийн Дуламд шороон нохой жилийн өвлийн сүүл сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын үеэр, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,

-Монгол УлсЮНЕСКО-гоос 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцид 2005 онд нэгдэн орж, үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж, хадгалж, хамгаалах үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулсаар ирсэн. “Уртын дуу” соёлын биет бус өвөө 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн гэдгийг тэмдэглэлээ.

Энэхүү гайхалтай өв соёлыг өвлөн уламжилж, ард түмэндээ хүндлэгдэн дээдлэгдсэн азай буурал Таны цаашдын уран бүтээлд, мөн хойч үеэ сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсч, эрүүл энх, урт удаан наслан, уртын сайхан дуугаараа ард түмнийхэ сэтгэл оюуныг цэнгүүлж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж явахыг хүсэн ерөөе гэлээ.

Мөн энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шилдэг өвлөн уламжлагчдыг Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэ жил анх удаа Монгол Улс шилдгийн шилдэг нэг өвлөн уламжлагчийг тодруулан алдаршуулж, 30,0 сая төгрөгөөр шагнан урамшуулж байна.

-Их баярлаж байна, ийм сайхан үйл явдал болдог юм аа, бас. Уртын дуугаа үр хүүхэд, хойч үедээ чадлынхаа хэрээр сургаж өвлүүлнэ гэж бодож байна. Хүүхдүүд уртын дуунд жаахан сонирхол муутай байдаг юм. Төр өв соёлоо ингэж дээдэлж, хүндэтгэж байгааг хараад одоо сонирхолтой болох байх аа. Миний хүүхдүүд төрийн албаа нэр төртэй хашиж, зуу насалж зургаадай таяг тулаарай гэж Монголын үндэсний соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Доржийн Дулам хэллээ.

Доржийн Дулам нь 1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, бага наснаас ээжээрээ заалган уртын дуу дуулж сурсан байна. Тэрээр ард олны дунд “Дөмөн” Дулмаа нэрээр алдартай бөгөөд “Дөмөн” уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн хоолойн өндөр өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэн байна. Д.Дулам нь Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан ардын авьяастан бөгөөд Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч ажээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
би
зурагтаар гарч байсан. дуулж үзүүлж байсан. үнэхээр сайхан дуулдаг нарийхан хоолойтой буурай байна лэ.э зөв хүнээ олсон байна сайхан баяртай мэдээ байлаа, урт насалж удаан жаргах болтугай
2019/01/30 202.179.26.247
  • Recent
  • Most Read
  • Most Comment