Нийтийн дууны ханхүү гэгддэг С.Жавхлангийн гэргийн Г.Эрдэнэчимэг шинэ он гарсны дараахан удаан завсралсан уран бүтээлдээ ханцуй шамлан орсон билээ. Тэрбээр шинэ уран бүтээлийн гараагаа “Зургаан ханатай гэр” хэмээх дуугаар эхэлсэн.
Тэгвэл нүүрэндээ бараг будаг түрхдэггүй монголжингоо бүсгүй маань эмэгтэйчүүдийн нүүр будалтын талаар өөрийн бодлоо хуваалцжээ.
Г.Эрдэнэчимэг “Хүн өөртөө таалагдаж байх ёстой. Би огт буддаггүй биш л дээ. Арьсаа арчилна, жаахан тодотгох юм байна. Надад өөрт хэтэрхий их будчихсан Эрдэнэчимэг таалагддаггүй. Хааяа манай дүү нар ямар нэг арга хэмжээнд явах болоход намайг будаж өгдөг. Тааруулаад бага будна шүү гээд л будуулдаг.
Найзуудтайгаа хамт хааяа гоо сайханд орно. Хамгийн эцсийн үр дүн нь би хэн нэгэнд таалагдах биш, би энэ биеэ ямар байлгавал надад тухтай, би өөртөө итгэлтэй байна гэдгээ л бодох хэрэгтэй.
Магадгүй нүүрээ маш тод будчихаад тэгсэн мөртлөө сэтгэл дотроо өөртөө итгэлгүй хүн байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүн нүүрнийхээ будгийг дүүргэх ёстой юу? Сэтгэлээ дүүргэх ёстой юу гэдгийг л маш сайн анзаарах хэрэгтэй юм шиг санагддаг.
Нүүр будалтыг өөртөө итгэх итгэл болгож байж ч болно. Тэр итгэл бол нүүрнээс биш дотроосоо, сэтгэлээс, цээжнийх нь гүнд байгаасай гэж бодож, тэр тал дээр өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг” хэмээн ярьжээ.