8o
Улаанбаатар хот
mobile menu

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Турк улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018-09-17 13:00:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд М.Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны найрсаг, дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жил ирэх онд тохиож байгаа болон салбарт өргөн цар хүрээтэй хамтран ажиллах асуудлыг ярилцав. Мөн түрэг судлалыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх асуудалд багагүй ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн юм.

Элчин сайд М.Ахмет Язал “Турк улс нь Монгол Улсын боловсролын болон бусад салбарт хамтран ажиллах маш олон боломж байгаа. Угсаатны болон уламжлалт чиглэлийн спортоо хөгжүүлэх, оюутан сургах, түүх судлал, уран зураг гээд олон салбарт хамтрах сонирхол бий. Түүх судлал буюу түрэг судлалаар багагүй хугацаанд хамтран ажиллаж, чамлахааргүй амжилт гаргасан. Гэхдээ түрэг судлалыг хөгжүүлэх танин мэдэхийн тулд эхлээд Монголын эртний түүхийг нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдсан. Энэ чиглэлээр МУИС-тай хамтрахаас гадна бусад их, дээд сургуультай ажиллах боломжтой. Үүнээс гадна Үндэсний номын сангийн ажилд хамтарч байгаа бөгөөд цаашид түүхийн музейн чиглэлээр ч өргөжих боломж байгаа” гэж олон талт санал тавьсан юм. Мөн энэ хичээлийн жилд тус улсад тэтгэлгээр суралцах 28 оюутан бүртгүүлсэн юм байна. Харин магистр болон докторантурт суралцах 12 суралцагч бүртгэгдсэн аж. Ер нь, боловсролын чиглэлээр суралцах оюутны тоо үүгээр хязгаарлагдахгүй гэдгийг Элчин сайд онцлон жил бүр нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа уламжиллаа. Энэ ч утгаараа Засгийн газрын тэтгэлгээс гадна нэмж 12 боловсон хүчин илгээх квот бий хэмээн хэлсэн юм. Үүнд Засгийн газар болон яам суралцуулах чиглэлээ тодорхойлж, хүсэлтээ илэрхийлэх боломжтой гэв.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Таны тавьсан санал болгоныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Яам бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа үүссэний 50 жилийн ой тохионо. Ойн баярыг хэрхэн тэмдэглэх, хамтран ямар ажил амжуулах талаар тодорхой төлөвлөгөө гарган батлах нь зүйтэй болов уу. Хэрэв ингэж чадвал нэлээд олон ажил энэ хүрээнд хэрэгжих бүрэн боломжтой гэж харж байна. Цаашид асуудлаа харилцан ярилцаад ямар чиглэлээр хэрхэн хамтран ажиллахаа тодорхой болгох зүйтэй” гэж хэлсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment