Өнгөрсөн хугацаанд 2012-2017 онд Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага болох “JICA”-гийн санхүүжилтээр “Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл холбооны технологийг оновчтой ашиглах нь” төслийг Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС), Токиогийн Технологийн Сургууль хамтран Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны манлайлал дор хэрэгжүүлсэн байна. Таван жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн хүрээнд сургалтын цахим хэрэглэгдэхүүний зохиомжийн уралдааныг улсын хэмжээнд зарлан дүгнэж, мэдээлэл холбооны сургалтад оновчтой ашиглах агуулга бүхий сургалт семинарыг улсын хэмжээнд, бүсчилсэн байдлаар, аймаг орон нутгийн түвшинд зохион байгуулжээ. Үүнээс гадна МУБИС-д видео студи байгуулж ажиллуулснаас гадна “Бага ангийн багшийн гарын авлага” болгон гурван ном, сургалтын цахим хичээлийг DVD хэлбэрт оруулан 30-ыг тус тус боловсруулан хэвлэж, хувилан олшруулсан байна.
Дээрх төслийн тайлангийн хурлаар үйл ажиллагааны үр дүнг бүрэн хангалттай гэж дүгнэсэн бөгөөд төслийг суурь боловсролын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чухал гэж үзэн Монгол Улсын Засгийн газар, МУБИС, багш нарын төлөөлөл онцлон тэмдэглэж, “JICA”-д албан ёсоор хандсан. Засгийн газрын хүсэлтийг судлан төслийн бичиг баримттай нарийвчлан танилцаж, төслийг хүлээн авч санхүүжүүлэх албан ёсны шийдвэрээ 2018 оны эхний хагаст “JICA” гаргаснаар хоёр дахь үе шат болох “Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад Мэдээллийн Харилцааны Технологийг оновчтой ашиглах нь” төсөл 2018-2022 онд хэрэгжихээр болоод байна.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр “Хөдөөгийн болон нийслэлийн захын дүүргийн суурь боловсролын багшийн мэргэжлийг ажлын байранд нь дээшлүүлэх замаар суурь боловсролын чанарыг сайжруулахад чиглэснээрээ бусад төслүүдээс ялгагдах онцлог нь юм. Улмаар мэдээлэл холбооны технологийг ашиглан багшийн ур чадварыг тасралтгүйгээр ажлын байранд нь дээшлүүлэх загварыг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэх төсөл гэж ойлгож байгаа.
Иргэдээ хөгжүүлж, боловсрол олгож, чадварлаг боловсон хүчин бий болгох хамгийн тохиромжтой хэрэгслийн нэг нь мэдээлэл холбооны технологийн дэвшил юм. Ийм цаг үед хэрэгжиж эхэлсэн төслийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Их Хурлаас баталсан “Багшийн хөгжлийг дэмжих хууль”-ийн холбогдох заалт болон яамны 2018-2019 оны хичээлийн жилийн Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, мэргэжил дээшлүүлэх онлайн сургалт, боловсролын нээлттэй эх үүсвэр хөгжүүлэх Мэдээлэл, холбооны технологийг оновчтой ашиглах тухай заалттай яв цав нийцэж байгаа” гэж онцлон тэмдэглэлээ. Мөн 25 жилийн хугацаанд холбогдох маш идэвхи зүтгэл, үр дүнтэй хамтран ажилласан Токиогийн Технологийн сургуулийн профессор Юмэ Ямагучи, профессор Такада Жун-Ичи, төслийн монголын талын баг, санхүүжүүлэгч ЮНЕСКО, “JICA” зэрэг байгууллагад Монгол Улсын Засгийн газар болон нийт багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлж, энэхүү төслийн цаашдын хэрэгжилтэд амжилт хүслээ.
Төсөл хэрэгжилтийн хүрээнд дараахь үйл ажиллагаанууд хэрэгжих бөгөөд хэрэгжилт сургуульд, багшид түшиглэж, багш нар шинээр суралцсан ур чадвартаа тулгуурлан сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулан, сургалтын гарын авлагын эхийг боловсруулах юм.
Суурь боловсролын түвшинд 2018-2022 онд хэрэгжих төслийн хүрээний үйл ажиллагаа, гарах үр дүнгийн заримаас товч дурдвал:
- Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэн ашиглах бүхий сургалт семинарыг үндэсний, аймаг орон нутагт, сумдад сургуульд зохион байгуулах.
- Суурь боловсролын түвшний сургалтын 30 цахим хэрэглэгдэхүүн боловсруулан сургууль, багшийн хүртээл болгоно.
- МХТ-ийг сургалтад ашиглах агуулга бүхий “Багшийн гарын авлага-2018, 2020” номууд бэлтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгоно.
- Япон улсад МХТ-ийг ерөнхий боловсролын сургалтад хэрэглэж буй нөхцөл байдал, арга зүйтэй танилцах аялал зохион байгуулагдана.
Мэдээллийн харилцааны технологийг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр хөдөөгийн багш нар дэвшилтэт технологийг сургалтандаа ашиглах сайхан боломжоор хангагдах нь. Үүнээс гадна Мэдээллийн харилцааны технологийг багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад нэврүүлснээр багш нар хүндрэлтэй сэдвийг хялбаршуулан ойлгуулах, цаг хугацаа, зардал хөрөнгө хэмнэсэн чанартай, тогтвортой сургалтын боломжоор хангагдах ажээ.