8o
Улаанбаатар хот
mobile menu

VS: Анаферон ханиадны эм, Виферон лааг хэрэглэх нь ЗӨВ, БУРУУ

2018-11-20 09:15:00

Бага насны хүүхдүүдийн хэрэглэдэг Анаферон ханиадны эм, дархлаа сайжруулах болон вирусын эсрэг үйлдэлтэй Виферон лааг Хөнгөлттэй эмийн жагсаалтаас хассан. Мөн томуу томуугийн үед хэрэглэх нь үр дүнгүй гэсэн мэдээллийг салбарын сайд болон эмч мэргэжилтэнүүд хэлсэн нь сүүлийн үед хамгийн их  маргаан дэгдээсэн асуудал болоод байна. Виферон лааг Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас хассан талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Анаферон эм, Виферон лаа хоёрыг хөнгөлттэй олгох эмийн жагсаалтаас хассан. Анаферон жоргүй эмийн жагсаалтад орж байгаа учраас зайлшгүй олгох болон жоргүй олгох эмийн жагсаалтад орохгүй. Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон улсын байгууллагаас тогтоогоод бидэнд зөвлөмж өгсөн учраас Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас бүү хэл хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” гэж тайлбарласан. Энэ мэдээллийн дараа тус Анаферон ханиадны эм, дархлаа сайжруулах болон вирусын эсрэг үйлдэлтэй Виферон лааг эмчийн жороор хэрэглэсэн эцэг эхчүүдийн гомдол, эргэлзээ тасрахгүй байгаа юм. Тэгвэл цаашид эдгээр эм, лааг хэрэглэх нь зөв үү. Энэ мэдээллийг тодорхой болгох үүднээс талуудын байр суурийг хүргэж байна.

Хүний биед үзүүлэх хор нөлөө байдаггүй юм гэхэд томуугийн эмчилгээнд үр нөлөөгүй гэдэг нь нотлогдсон

 ЭМД-ийн сангийн дарга Алтанхуяг “ ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтад 2015 онд Виферон лааг 80 хувь хөнгөлөхөөр болж, 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 91 мянган хүн энэ лааг хэрэглэсэн байна. 2018 онд хөнгөлөлттэй эмийн хүүхдийн ангиллаас Виферон лааг хассан. Өнгөрсөн жилд 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг энэ лааг авахад үзүүлсэн” гэв.  

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Баттүвшин “ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний үед Виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй. ЭХЭМҮТ-өөс зарим халдварт өвчний үед энэ лааг хэрэглэж болох боловч толгой дараалан хэрэглэхийг зөвлөөгүй. Томуугийн эмчилгээний удирдамжид дээрх хоёр үндэсний төвийн эмчилгээний удирдамжийг баримталж, эмнэлгүүддээ зөвлөмж өгдөг юм”

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр: ДЭМБ-аас олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн улс орнуудад зөвлөмж гаргадаг. Тэрийг улс орнууд дагадаг. ДЭМБ-аас томуугийн вирусийн эсрэг эмчилгээнд 4 эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байгаа. Энэ 4-өөс Монгол Улсын эмийн жагсаалтад орсон ганцхан эм бий. Тэр нь Осельтамивир. Энэ маш үнэтэй эм учир цаашид яах вэ гэдэг асуудлаар ЭМЯ-тайгаа ярилцаж байна.  Виферон бол томуугийн эмчилгээний асуудалд хэрэглэж байгаа лаа. Судалгаанаас харахад хүний биед үзүүлэх хор нөлөө байдаггүй юм гэхэд томуугийн эмчилгээнд үр нөлөөгүй гэдэг нь нотлогдсон. Энэ л хамгийн чухал. Нотлогдоогүй зүйлийг эмчилгээ, үйлчилгээнд аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Албан ёсоор хэлье. Томуу, томуу төст өвчний үед  Анаферон эм, Виферон лаа хоёрыг эмчилгээнд хэрэглээгүй. Удирдамжинд байхгүй учраас хэрэглэхгүй гэсэн үг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Виферон лааг хэрэглэсэн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юмаа гэхэд ямар ч үр дүнгүй гэсэн үг. Олон янзын судалгаа байна. Би мэргэжлийн хүний хувьд ЭМЯ-ны сайдыг буруу үг хэлсэн гэж бодохгүй байна. Яагаад ийм зүйлийг олон нийтэд мэдэгдэж болохгүй гэж.

Тухайн бүтээгдэхүүн нь аюулгүй эсэх нь нотлогдоогүй

Энто ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал С.Баянмөнх

“Энэхүү бүтээгдэхүүн нь 50 гаруй жилийн эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнд гарсан бүтээгдэхүүн юм. Мөн сүүлийн 20 жилийн хугацаанд практикт хэрэглэгдэн явж байна.

ЭМЯ-ын мэдээлж буйгаар 2010 онд 5,884 бүтээгдэхүүн бүртгэлтэй байна. Эдгээр бүтээгдэхүүнийг бүртгүүлэхийн тулд хэрэглээний талаарх бүхий л судалгаа, материалыг бид 2010 онд бүрдүүлж өгсөн байсан. Лааны асуудал гарснаас хойш бид саяхан хүртэл дахин илгээсэн.

Харин тус бүтээгдэхүүний талаар өнгөрөгч нэгний өдөр Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдэгдэлд “Тухайн бүтээгдэхүүн нь аюулгүй эсэх нь нотлогдоогүй, Азийн Хөгжлийн Банк болон зарим судлаач, эрдэмтдийн бүрэлдэхүүн үүнийг аюулгүй эсэхийг батлаагүй тул Монгол Улсад хэрэглэж болохгүй” гэсэн байсан.

Мөн хэд хоногийн дараагаар дахин хийсэн нэгэн мэдэгдэлд "Би тус бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасах тухай огт яриагүй" гэж байр сууринаасаа буцсан мэдэгдлийг хийсэн.

Энэхүү мэдээллийн дараагаар манай компанийн зүгээс Азийн хөгжлийн Банкинд хандан мэдээлэл өгөхийг хүссэн. Хүсэлтийн дагуу Азийн хөгжлийн Банк "Бид ямар нэгэн эмийн хэрэглээ, гаж нөлөө, эмийн талаар судалгаа дүгнэлт хийгээгүй, хийдэггүй болно" хэмээн мэдэгдсэн. Гэвч Сайд өнөөдөр хүртэл дүгнэлт гараагүй, бид одоо судалж байна хэмээн мэдээлсэн хэвээр байна.

Энэ бүтээгдэхүүнтэй холбоотой бүхий л бичиг баримт, албан ёсны эх сурвалжаас авсан судалгааг ЭМЯ-нд өгөгдсөн байгаа юм. Иймд "ЭНТО" ХХК-ийн зүгээс Эрүүл мэндийн Сайдыг албан ёсны зохих мэдэгдлийг өгөх шаардлагатай байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment