БСШУС-ын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 06-08-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг наадамд оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд Найрамдах Улсаас нийт 200 төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Мөн нийслэлээс мянга гаруй уран бүтээлч, албаны хүн оролцох юм.
БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалж, түгээн дэлгэрүүлэх конвенцийн хүрээнд энэхүү наадмыг зохион байгуулж байна. Энэ өдрүүдэд Монгол туургатны биет бус өвийн ижил болон ялгагдах онцлогуудыг дотоодын иргэн, гадаадын жуулчдад цогцоор нь үзэж танилцах боломж олгож байгаа юм. Үүнээс гадна олон жил завсарласан соёлын биет бус өвийн “Ардын урлагийн наадам”-ыг сэргээн ирэх наймдугаар сард “Нүүдэлчний наадам" нэрээр зохион байгуулахаар 21 аймгийн авьяастнаа шалгаруулж байгааг дуулгахад таатай байна” гэлээ.
ГХЯ-ны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, ”Энэхүү наадам Монгол Улсын биет бус соёлын өвийг хөрш орнууддаа танилцуулах, залуу үеийнхэнд таниулах, соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой “ хэмээн тодотгов. “Мөнх тэнгэр” наадмын хөтөлбөрт монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Монгол хувцасны нууц товчоо” загварын тоглолт зэрэг үйл ажиллагаа багтаж байна.