Санхүүгийн зохицуулах хорооноос “Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн салбарын цахим мэдээллийн систем шинэчлэх хүрээнд эрсдэлийн үнэлгээний систем хөгжүүлэх” зөвлөх үйлчилгээний тендерт санал авч байна. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлгээ энэ сарын 31-ний 11:00 цагаас өмнө ирүүлэх боломжтой.
Хэрэв та Хороонд мэдүүлгээ ирүүлэхээр шийдсэн бол уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай байхын зэрэгцээ нотлох дараах мэдээллүүдийг хамт ирүүлэх юм. Үүнд тендерт оролцох сонирхлоо илэрхийлж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг; улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; зөвлөх хуулийн этгээд нь мэдээллийн технологи, веб хөгжүүлэлт, программчлалын чиглэлээр гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх; байгууллагын танилцуулга; харьяа татвар, нийгмийн даатгалын хэлтэс, шүүхийн төрөлжсөн архив, ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар өр төлбөргүй байх/ шаардлагатай. Мөн 2015-2017 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан; түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь 50 сая төгрөгөөс багагүй дүнтэй байна. Энэхүү шаардлагыг хангаж буйгаа нотлох баримтыг ирүүлэх юм. Түүнчлэн өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажил, зөвлөх үйлчилгээний жагсаалт, түүнийг нотлох гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар; зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн танилцуулга, баг нь зургаагаас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх, үүнээс нэгээс доошгүй ажилтан санхүүгийн чиглэлийн мэдлэг туршлагатай байх, удирдах, гүйцэтгэх ажилтны чадвар, туршлагын талаарх мэдээллийг мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар бусад нотлох баримтын хамт ирүүлнэ.
Мэдүүлэг гаргагчийн багийн бүрэлдэхүүний 60% нь үндсэн ажилтан байх, тухайн компанийн ажилтан мөн эсэхийг нийгмийн даатгалын сүүлийн зургаан сарын НД7, НД8 тайлан болон бусад нотлох баримтын хамт ирүүлэхийн сацуу багийн голлох мэргэжилтнүүд мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавьж байна.