УДЭТ-ын хамт олон өвөл цагийн үзвэрийн нээлтээ алдарт “Ромео, Жульетта” жүжгээр нээх гэж байна. Тус жүжиг 1966 онд С.Гэндэн, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар Монголын тайзнаа тавигдсан байдаг. Тэгвэл Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа алдарт “Ромео, Жульетта” Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, залуу жүжигчид гол дүрийг бүтээж байгаа билээ. Эмэгтэй уран бүтээлчдийн мөрөөдөл болсон Жульеттад тоглож буй залуу жүжигчин О.Дөлгөөнтөй жүжгийн бэлтгэлийн үеэр цөөн хором ярилцлаа.
-Эмэгтэй жүжигчдийн мөрөөдөл болсон Жульеттад тоглох болсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Драмын театрт энэ зун шалгалт өгөөд тэнцсэн. Тэгэхдээ театр студийн жүжигчин гэж орсон. Наймдугаар сарын нэгнээс ажил эхэлж Ромео, Жульетта жүжгийн бэлтгэл ажил эхэлж, дүр хуваарилалт нь наймдугаар сарын 17-нд болсон. Театрын жүжигчид дундаас найруулагч маань сонгосон. Жульеттад би, Ромеод Шинээ тоглох болсон.
Би “Ромео, Жульетта” жүжгийг үзэж байгаад би жүжигчин болох мөрөөдөлтэй болж байлаа. Ийм гоё жүжигт тоглож үзэх юмсан, ямар гоё юм бэ гэж бодож байсан. Жульеаттагийн дүр бол эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр. Тийм учраас маш их баярлаж байсан. Мөн баярлахаас илүүтэйгээр айсан.
-Өмнөх Ромео, Жульетта хоёртой уулзсан гэж байсан. Гавьяат И.Одончимэг эгч юу зөвлөж байв?
-20 жилийн өмнө театрын тайзнаа тавигдсан Жульеттаг Одноо эгч 30 дөхөж байхдаа тоглож байсан юм билээ. Тэгэхэд театрынхан ийм залуугаараа сонгодог урлагийн дүр авлаа гэж ярьдаг байсан гэсэн. Тэр үед сонгодог жүжигт 30 гарч байж бүтээвэл илүү даацтай сайн уран бүтээл гарна гэж үздэг байсан юм билээ. Тэгэхэд би одоо 24 настай. Ийм том жүжгийн дүрийг өгч байгаа нь надад маш том хариуцлага ирж байна гэж ойлгож байгаа. Тэр хэмжээгээрээ өөрийнхөө хэмжээнд хичээж ажиллаж байна. Яг тэг ингэ гэж хэлээгүй. Яагаад гэхээр тухайн үед тоглож байсан Ромео, Жульета өнөөдрийн тоглогдох гэж байгаа Ромео, Жульета өөр. Найруулагчийн тавилт, хувцас, гэрэл гэх мэт маш олон ялгаатай. Тэг ингэ гэж зөвлөгөө өгөөгүй. Харин дуу хоолойгоо яах уу гэх зэрэг ерөнхий зүйлүүд хэлж өгсөн.
-Жульеттад тоглохын тулд өөрийгөө хэрхэн бэлдэж байгаа вэ?
-Юуны түрүүнд турах шаардлагатай. Манай жүжгийн нэг онцлог нь хөдөлгөөний найруулагчтай. Хөдөлгөөний найруулагчаар Ган-Очир багш ажиллаж байгаа. Яг үзэгдэл болгон дээр жүжигчдийг биеийн хөдөлгөөнөөр дамжуулж тоглолтоо гаргах тал дээр их анхаарч байгаа.
- 20 жилийн дараа Ромео, Жульетта тавигдаж байна. Ялгаа нь юу вэ?
-Өмнө нь яг л сонгодог хэлбэрээр нь тавигдаж байсан. Одоо бол үзэгчид, нийгэм гээд олон зүйл өөрчлөгдсөн. Тийм учраас олон зүйлээр өөр байх болов уу. Найруулагчийн тавилт, хувцас, гэрэл гэх мэт олон зүйлээр ялгаатай байна. Дэлхийн олон театрт олон Ромео, Жульета тавигдаж байгаа. Тэгвэл тэр болгоноос ялгаатай бидний өмнө нь үздэг байсан Ромео, Жульетгаас тэс өөр болж гарна гэсэн үг.
-Хамтран тоглож байгаа Ромеотой хэр ойлголцож байна вэ?
-Саяхан нэг сэтгүүл дээр жижигхэн Жульеттад зориулж жижигхэн Ромео авлаа гэсэн юм гарсан байсан. Шинээ гээд шинэ гарч ирж байгаа авьяастай жүжигчин. Ер нь Шинээдээ дурлачих гээд л байгаа ш дээ. Амьдрал дээр биш ч гэсэн тайзан дээр хийж байгаа үйл хөдлөлийг нь харахаар. Найруулагч маань анх жүжиг эхлэхэд та хоёр нэгнийхээ сайн зан чанарыг хар гэж хэлж байсан. Өөрийгөө итгэж үнэмшүүлж илүү сайн тоглохын тулд дурлаж байгаа.
-Өнгөрсөн зуныг завгүй өнгөрүүлсэн бололтой. Энэ намар өөрийн чинь тоглосон хоёр ч уран бүтээл нээлтээ хийж байсан?
- Өнгөрсөн зун тоглосон "Single Ladys 2", "Маш нууц" гээд хоёр уран бүтээлд тоглосон. Хоёр уран бүтээл маань үзэгчдийн байлдан дагуулсан сайн уран бүтээл болсон. "Маш нууц" кино маань одоо болтол кино театраас буулгүй танхим дүүрэн үзэгчидтэй, билет нь олдохгүй гарсаар байна. "Single Ladys2" бас л билет нь олдохгүй гарч байгаа.
- "Single Ladys2" дээр тоглосон дүр өөрийг чинь арай өөр Дөлгөөний харах боломж үзэгчдэд олгосон байсан?
-Найруулагч Ундраа эгч, зохиолыг бичсэн Миеэгомбо ах хоёртоо маш их баярлалаа гэж хэлсэн. Яагаад гэхээр даруухан, хайр дурлалын гол баатар нэг л хэвийн Дөлгөөнийг эвдэж өгсөн. Үсээ бүүр богинохон болгох байсан боловч дараагийн уран бүтээл байсан учраас тэгж чадаагүй. Гэхдээ таны хэлдэгэр үнэхээр арай өөр Дөлгөөнийг гаргахын оролдсон. Миний хувьд санаанд хүртлээ хийж чадаагүй ч үзэгчдийн хувьд хүрсэн юм шиг байна лээ. Цаашдаа ч гэсэн илүү сайн уран бүтээл гаргахын тулд өөрийгөө эвдэж хичээх болно.
-Таны хувьд Мөрөөдлийн театр голлох байр суурь эзлэх эмэгтэй жүжигчин байсан. Яагаад заавал УДЭТ-ыг сонгох болов?
-УДЭТ бол урлагийн хамгийн том улсын байгууллага. Маш олон уран бүтээлчид ажиллаж байна. Тиймээс өөрийгөө бас сориод, мундаг жүжигчидээс их зүйл сурахыг хүссэн. Би ер нь ямар түвшинд явж байгаагаа мэдэхийг хүссэн. Сонгодог жүжигт тоглож дүр бүтээнэ гэдэг бол жүжигчин хүний мөрөөдөл байдаг. Үүнийг биелүүлэх боломжтой газар нь УДЭТ байсан. Манай "Мөрөөдлийн театр" жүжиг тавьдаг ч гэсэн хошин шоу талруугаа илүү түлхүү. "Мөрөөдлийн театр" талархахгүй байхын аргагүй. Оюутан хэн ч намайг танихгүй байхад театртаа авч жүжгийн гол дүр өгч байсан. Маш их зүйлийг сурч, тайз гэдэг зүйлтэй анх танилцуулсан төрснөөс өөрцгүй маш сайхан ах нар байдаг. УДЭТ орох шийдвэрийг гаргах тийм амархан байгаагүй. Маш их бодсон, "Мөрөөдлийн театр"-ын ах нартаа хэлсэн маш сайхнаар хүлээж авч байсан. Ах нарны УДЭТ гэх том айлаас ургаж гарсан, амжилт хүсье, хичээгээрэй гэсэн.
-Жүжигчин Дөлгөөнийг азтай, чадвартай гэх үү. Учир нь хувийн амьдрал, ажлын хувьд аль алинд нь амжилт гаргаж байна. Нууц нь юу вэ?
-Баярлалаа. Азтай гэхээсээ илүү хүний амьдралд боломж гарч ирдэг юм шиг санагддаг. Би тэр боломжуудаа азтайгаар, тохиолдлоор ч юмуу, эсвэл үнэхээр зуурч авъя гэсэн дээ ч юмуу... Тэр боломжийг би өөртөө авдаг. Хүн болгонд, боломж гарч ирдэг тэрийгээ л хүмүүс авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аманд орж ирсэн шар тосийг үмхээд авах хэрэгтэй.
- АЖ Г.Мягмарнарантай хамаатан гэж сонссон юм байна. Энэ мундаг хүнээс зөвөлгөө авдаг уу?
-Г.Мямарнаран ахтай хамаатан гэдгээ сүүлд "Мөрөөдлийн театрт" орох үедээ мэдэж байсан. Г.Мягмарнаран ах манай өвөөгийн хамаатан боловч өвөө маань эрт нас бараад холбоо тасарсан байсан юм билээ. Уг нь их ойрхон хамаатан. Г.Мягмарнаран ах намайг "Чи драмын театрт орох хэрэгтэй" гэж таарах болгондоо хэлдэг байсан. Сая театрт ороод тааралдахад ёстой зөв сонголт хийсэн байна гэж дэмжиж байсан.
- Жульеттад тоглож мөрөөдлөө биелүүллээ. Тэгвэл дараагийн бүтээхийг хүсэж байгаа дүр?
-Ер нь жүжигчин хүний туйлын зорилго бол дүр бүтээх байдаг. Хүмүүст бүтээсэн дүрээрээ дурсагдахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл Дөлгөөн биш бүтээсэн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшихийг хүсэж байна. Тухайлбал Сувдаа эгчийг Мандухай сэцэн хатан, Очирбат ахыг Итгэлт баян гэдэг шиг л.
-Одоо жүжгийн бэлтгэл гээд маш завгүй байгаа. Энэ үед гэрийн эзэгтэйн үүргээ хэр биелүүлж байна вэ?
-Хэцүү дээ. Тэгэхдээ биелүүлэхгүй бол болохгүй. Зарим зүйлүүд бол хаягдаж байгаа. Бэлтгэл эхэлсэн үед өглөө гараад л орой ирдэг. Нөхөр маань л гэрт орж эм, гадаа гарч эр болж байгаа даа. Намайг маш сайн ойлгодог ханьдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би ч бас бэлтгэлээ тараад орой очоод гэрээ цэвэрлэх, хувцасаа угаадаг. Аль болох зохицуулахыг хичээдэг ч бас чадахгүй үе гардаг. Тиймээс нөхөртөө уучлаарай гэж хэлмээр байна.
-Дөлгөөний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Би өглөө босоод хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө, харин нөхөр орой хүүгээ авна. Буцаад гэртээ ирээд жоохон цаг байвал нөхөртөө хоолоо хийж өгнө. Харин цаг завгүй байвал хувцасаа солиод ажилдаа явна. Ерөнхийдөө ажил бол нэлээн оройтож тардаг. Эрт тарлаа гэхэд 22.00, 23.00 цаг гэж тардаг. Хэрвээ ингэж тарвал фитнест явдаг. Харин амарсан өдрөө бол гэртээ гэрийнхээ ажлыг хийдэг.
Б.Дорж