Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар барилдсан дөрвөн бөхөөс сэргээш хэрэглэсэн талаар мэдээлэл цацагдаж байсан. Тодруулбал,
- Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш
- Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр
- Сүхбаатар Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай нараас сэргээш илэрч байсан.
Харин энэ жилийн баяр наадмаар барилдсан гурван бөхөөс сэргээш илэрсэн байна. Тэгвэл МБҮХ-ны тэргүүлэгчид уржигдар хуралдаж, улсын цолтой нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг хассах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацавшир, энэ жил Улсын начин цол хүртсэн Ц.Бямба-Очир нараас сэргээш илэрсэн нь тодорхой болж барилдах эрхийг нь хассан байна. Дээрх гурван бөхийн нэг нь сорьцийн хариугаа хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжлүүлэхээр гадагшаа явуулсан гэж байсан. Тэгвэл тэр бөх нь Улсын начин Ц.Бямба-Очир аж.
Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн хэн нь хэн бэ?
Улсын гарьд Н.Ганбаатарыг олон түмэн сайн танина. Түүний хувьд улсын цолтой бөхөөс гадна Монгол бөхийн өргөөний үүсгэн байгуулагчдын нэг Ц.Нямдоржийн хүү гэдгийг олон түмэн сайн мэднэ. Түүний хувьд Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд цолтой. Тэрбээр сэргээш хэрэглэсэн ил боллоо гэсэн мэдээлэл гарсан даруйд мэдэгдэл гаргасан. Тэрбээр “надаас илэрсэн гэх хориотой бодис нь булчингийн урагдал болон зөөлөн эдийн тасралтанд эмнэлгийн практикт хэрэглэдэг аж. 2008, 2009 онд өвдгөндөө авсан бэртэл сэдэрч БНХАУ-ын Бээжингийн гэмтлийн төв эмнэлэгт мэс засалгүй эмчилгээ хийх хүсэлт тавьсны дагуу дөрвөн өдрийн турш Хятад бичигтэй тариа хийж эмчилсэн. Өөр ямар нэгэн байдлаар эм болон тариа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд олон сарын өмнө хийлгэсэн энэ эмчилгээнээс ийм зүйл илэрнэ хэмээн санаж байсангүй. Миний бие өдгөө 36 настай бөгөөд өөрийн энэ өндөр цолонд 10 жилийн өмнө хүрсэн. Бөх хүний хувьд ард түмнээ хүндэтгэж бөхийн ариун дэвжээндээ ёс суртахуунтай барилдаж, даваа наймалцах асуудлаас хол байж ирсэн. Иймд үргэлж намайг дэмжиж, хайрлаж, урам өгч байдаг Монголын нийт ард түмэндээ баярлан талархаж явдгаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн мэдэгдэл гаргасан юм.
ХаринУлсын начин Цогбадрахын Бямба-Очирын хувьд Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Хантайшир бөхийн дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийх бөх. Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Улсын начин Ц.Бямба-Очир 2013 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2016 онд Налайх дүүргийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. Тэгвэл энэ жилийн улсын наадамд улсын арслан Э.Оюунболдоор тав давж шөвгөрөн улсын цол хүртсэн.
Харин Улсын харцага А.Цацавширын хувьд өнгөрсөн жил одтой сайхан барилдсан бөхчүүдийн нэг. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тавын даваанд Дорноговь аймгийн харьяат, улсын харцага А.Цацавшир 2016 оны наадамд үзүүрлэсэн, улсын арслан Р.Пүрэвдагвыг давж, шөвгөрч байсан. Цаашид ч улсын цолоо ахиулах бүрэн боломжтой бөхчүүдийн тоонд орж байсан Улсын харцага А.Цацавшираас сэргээш илэрч, барилдах эрхийг нь хассан байна.