Норвегийн Лиллехаммер хотноо болж байгаа Хүүхдийн II дугаар олимпийн наадамд 71 улсын 1067 шилдэг залуу тамирчид оролцож 70 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсаас тус тэмцээнд тэшүүрийн спортын төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин, ОУХМастер Б.Сумьяа, цанын спортын төрөлд Орхон аймгийн тамирчин, ОУХМастер А.Очирсүх нар оролцож байна. Өчигдөр Тэшүүрийн спортын ОУХМ Б.Сумьяа Итали, БНХАУ, БНСУ-ын тамирчдын хамт багийн тэшүүрээр алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 6 дугаар багт багтан ийнхүү алтан медаль хүртжээ. Багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо рейтинг өндөртэй тамирчидаас бусад тамирчидтай хольж бүрдүүлсэн байна. Энэхүү холимог багийн төрөлд эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин нийт 4 хүн нэгдэж орж уралдсан бөгөөд тэд 6 дугаар баг нь 1 мин 57 сек 85 доль амжилт үзүүлэн бусад багаа хошуучилжээ. Зургаадугаар багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдээс Италийн тамирчин Боназа Ноеми, Монголын Буянтогтохын Сумъяа нар, эрэгтэйчүүдээс БНСУ-ын тамирчин Чун Жэ Вүн, БНХАУ-ын Шен Ханяан нар багтжээ.
Монгол охин Хүүхдийн олимпийн наадмаас алтан медаль хүртлээ
2016-02-18 09:18:00