8o
Улаанбаатар хот
mobile menu

Санхүүгийн Тайлагналын Олон Улсын 9 дүгээр стандартыг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр хэлэлцүүллээ

2018-09-20 13:27:00

Монголбанкнаас банкны салбарт Санхүүгийн тайлагналын олон улсын 9 дүгээр стандартыг 2020 онд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын ипотекийн корпораци, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороо, Кэй Пи Эм Жи Аудит компани, ПрайсуотерхаусКуперс Аудит компани, Монголын банкны холбоо болон банкуудын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ Шинэ стандартыг хэрэгжүүлснээр банкуудын эрсдэлийн сангийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байгаа тул Монголбанкны зүгээс тус стандартыг банкуудтай хамтран шат дараалсан бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2020 оноос эхлэн мөрдүүлэхээр ажиллаж байна. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартууд ялангуяа 9 дүгээр стандартыг Монгол улсын банкны салбарт хэрхэн нэвтрүүлэх, түүнээс гарах нөлөөлөл, тулгарч болзошгүй хүндрэлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар харилцан санал бодлоо солилцож, хамтын нэгдсэн шийдэлд хүрнэ гэсэн юм.

Санхүүгийн зах зээлийн хөгжилтэй уялдан банкны салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл хурдацтай нэмэгдэж байгаа нь санхүүгийн тайлан бүртгэлийг улам хариуцлагажуулан санхүүгийн сахилга батыг өндөржүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Тиймээс Монголбанкнаас банкны салбарын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажлын хүрээнд “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-ыг Сангийн яамтай хамтран шинэчлэн баталж, 2016 оноос мөрдүүлж байгаа төдийгүй Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад тогтмол хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлтийг банкны салбарт мөрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөл боловсруулах ажлын хүрээнд “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-д өөрчлөлт оруулах, стандартыг банкуудад мөрдүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, стандартыг мөрдүүлэхэд учирч болзошгүй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцох, цаашид энэ чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтлоо.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment