Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ- наас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэвлэлийн бага хурлын эхэнд "Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 01-ний бямба гарагт эхлүүлнэ. Ингэхдээ бороотой өдөр байх учир үдээс хойш буюу 14 цагаас эхлүүлэхээр төлөвлөж байна. Есдүгээр сарын нэгэнд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг нээгдэнэ мэдээллийг өглөө. Мөн "Хөлбөмбөгийн талбайд хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Хэрвээ надад багш халах эрх нь байсан бол би тухайн хүүхэд нас барсан өдөр нь арга хэмжээ авч халах байсан. Надад эрх нь алга. Энэ асуудлын хүрээнд бид хэд хэдэн арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, хүүхдийн сурах орчин эрүүл, аюулгүй байх нөхцөл байдлыг хангаж ажиллах шийдвэрлэсэн" гэсэн мэдээллийг салбар сайд өглөө.Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Сургалтын төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцэн оюутнууд жагссан. Яамны зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-МУИС-ийн төлбөрийн асуудлыг сайд шууд шийдэхгүй, тухайн сургуулийн ТУЗ шийдвэр гаргадаг, яамны зүгээс зөвхөн зөвлөмж өгдөг. Бид сурлагын чанарт анхаарахыг зөвлөсөн. Оюутнуудтай ёс зүйгүй харьцсан багшид хариуцлага тооцох үүрэг өгсний дагуу арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн.
-Зарим сургуулиудын захирлыг хууль бусаар халж сольсон гэх асуудлуудад тайлбар өгөхгүй юу?
-Би энэ ажилаа хүлээж аваад ямарч хүнийг ажлаас нь чөлөөлөөгүй. Мэдээж ямар нэгэн асуудал байгаа болоод солигдож байгаа. Ж.Батбаатар гэдэг мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шиг асуудалд хандаж байна. Төлбөр төлж мэдээлэл цацдаг, өөрийгөө хамгаалдаг асуудал хэрээс хэтэрч байна. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан. Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд олон зөрчил илэрсэн. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Иймд би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна.
-Таныг огцрохыг шаардан яамны гадаа хүмүүс жагсаж байна, энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо дотроо хэд хэдэн хуваагдсан. Засгийн газар цалин нэмэх асуудлыг хүлээн авч ирэх сарын 1-нээс багш нарын цалин нэмэгдэлтэй орно. Ганц багш бус соёл урлаг, бие тамир спортынхны цалин нэмэгдэж байгаа. Багш нар үе шаттайгаар гурван жил цалингаа нэмэгдүүлнэ.