8o
Улаанбаатар хот
mobile menu

Банкнаас бусад санхүүгийн салбарууд өсөлттэй ажиллажээ

2018-08-13 15:52:25

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр   үнэтцаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны хоёрдугаар улирлын статистик үзүүлэлтүүд, үйл ажиллагааны тоймыг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Санхүүгийн салбаруудын тоймыг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун мэдээлж, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Хадгаламж зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Банк бус санхүүгийн байгууллагын болон Хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Итгэлсүрэн, Б.Долгорсүрэн нар оролцон, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

СЭШХ-ийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр, Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны хоёрдугаар улиралд 65.9 хувиар өсөж 2.5 их наяд төгрөгт хүрсэн нь 2017 оны жилийн эцсийн ДНБ-ийн 9.1 хувьтай тэнцсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 303 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 58.6 хувиар өсчээ. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан хоёрдугаар улиралд нийт 77.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 13.9 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35.5 тэрбум төгрөгийн хувьцаа, 27.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, компанийн 631.6 сая төгрөгийн бонд, МҮЦБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар 248.1 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалсан байна.

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 13.1 хувиар өсөн, 282.2 тэрбум төгрөгт хүрснээс 80.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 16.6 хувийг давхар даатгалын компани, 3.0 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 29.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.7 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.8 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 68.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Салбарын татварын цэвэр ашиг 8.7 хувиар буурч нийт цэвэр ашгийн хэмжээ 6.3 тэрбум төгрөг байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 5.2 хувь, нийт хөрөнгийн өгөөж 2.3 хувь байна.

Банк бус санхүүгийн салбарт энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар өссөн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 74.1 хувийг зээлийн өсөлтөөс бүрдсэн байна. Харин ББСБ-уудын өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өсөж 888.5 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707.8 тэрбум төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 28.8 хувиар өссөн байна. Салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 38.5 хувиар өсөж, 768.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Хадгаламж, зээлийн хоршооны салбарт нийт 289 хоршоо хоёрдугаар улиралд үйл ажиллагаа явуулжээ. Хоршоодын салбар нэгжийн тоо өнгөрсөн оноос 18-аар нэмэгдсэн бол гишүүдийн тоо 20.7 хувиар өсөж 61 177-д хүрсэн байна.

Салбарын нийт цэвэр ашиг 1.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.6 хувиар буурсан байгаа бол нийт орлого 37.4 хувиар өсөж 19.3 тэрбум төгрөг буюу сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 27.2 хувиар буюу 26.1 тэрбум төгрөгөөр өсөж 134.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 1.6 пунктээр өсөж 6.2 хувьд хүрснээр нийт чанаргүй зээлийн хэмжээ 8.3 тэрбум төгрөг болов. Хоршоодын нийт хадгаламж өнгөрсөн оныхоос 51.6 хувийн өсөлттэй байгаагийн 97.0 хувийг хугацаатай, 3.0 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид цахим мөнгө, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн түвшин, даатгалын гэрээний стандарт, Дорноговь аймгийн Айраг суманд осолдсон суудлын галт тэрэгний зорчигчдын гэнэтийн ослын даатгал зэрэг олон сэдвээр асуулт тавьж, хариулт авлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment