Дэлхийн тогооч нарын холбоо болон Туркийн тогооч нарын холбооноос зохион байгуулдаг 14 дэх удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” буюу Олон улсын тогооч нарын тэмцээн энэ сарын 11-нээс 14-ний хооронд БНТУ-ын Истанбул хотноо зохион байгуулагдлаа. Дэлхийн 20-иод орны 2000 гаруй тогооч оролцсон тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Монголын мастер тогоочдын холбооны тэргүүн, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Монголын мастер тогоочдын холбооны Гүйцэтгэх захирал, МУ-ын мастер тогооч Р.Батбаатар, ММТХ-ны дэргэдэх Ахлах тогоочдын академийн захирал, МУ-ын мастер тогооч Ж.Отгонпүрэв, МУ-ын мастер тогооч Ж.Цагаанцоож, Б.Байгалмаа нарын 5 тогооч амжилттай оролцож, багийн Гранд прикс болон Ази хоолны төрөлд нийт 6 мөнгөн медаль хүртжээ. Мөн тус тэмцээний үеэр Дэлхийн тогооч нарын холбооны зүгээс зохион байгуулсан олон улсын шүүгчийн сургалт семинарт МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Р.Батбаатар нар оролцож, ОУ-ын шүүгч болох эрхээ авсан байна. Ингэснээр тэд Монголын анхны ОУ-ын эрхтэй шүүгчид болж байгаа аж. Мастер тогооч нар өнөөдөр эх орондоо ирнэ. Манай улсын тогооч нар 2010 оноос хойш ОУ-ын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, улсынхаа нэрийг Дэлхийн хоол үйлдвэрлэлийн салбарт гаргасаар яваа юм.
Монголын тогооч нар дэлхийн тэмцээнээс дахин 6 медаль хүртлээ
2016-02-16 08:56:00