8o
Улаанбаатар хот
mobile menu

Хувьцааны бүртгэлийн үйл ажиллагаа болон IPO үнэ тогтоох үйл явц хэрхэн явагддаг вэ?

2018-08-09 17:55:00

Хөрөнгө оруулагчдын санхүүгийн боловсролд зориулан олон улсын нийтлэг жишгийн дагуу “Хувьцааны бүртгэлийн үйл ажиллагаа болон IPO үнэ тогтоох” үйл явц хэрхэн явагддаг тухай мэдээллийг хүргэж байна. Сүүлийн үед компаниуд болон олон нийтийн дунд IPO гэх хэллэг ихээр яригдах болсон бөгөөд аливаа компани хэлбэрээ өөрчлөн хөрөнгийн зах зээлд шинээр хувьцаа бүртгүүлж, улмаар олон нийтэд нээлттэй санал болгох үйл ажиллагааг Initial public offering (IPO) гэж нэрлэж буй.

Компани нээлттэй болсноор урт хугацааны хөрөнгө оруулалтыг татаж, бизнесээ өргөжүүлэх, засаглалаа сайжруулах зэргээр өсөж, дэвжихэд ихээхэн нөлөө үзүүлдэг бол хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтын өгөөжөөс ашиг хүртэх, үйл ажиллагаанд хууль ёсны дагуу хувьцаа эзэмшигчийн хувиар хяналт тавих зэрэг давуу талууд бий болдог. Гэвч компани бүр нээлттэй компани болох шалгуур, шаардлагыг давж чаддаггүй бөгөөд хөгжлийнхөө тодорхой түвшинд хүрсний дараа нээлттэй болох үүд хаалга нээгддэг. Компани нээлттэй болох эсэхэд тавигдах шаардлагыг улс орон бүр хөрөнгийн зах зээлийн хөгжил, компанийн засаглалын хөгжил зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг.

Монгол улсын хувьд үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар “нийтэд санал болгох” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-аас дээш тооны этгээдэд санал болгон худалдахаа мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэх үйл ажиллагааг хэлдэг. Үүний дагуу хөрөнгийн зах зээлд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалахыг хүссэн компаниуд Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржийн журмуудын дагуу тодорхой шалгуурт тэнцсэний үндсэн дээр бүртгүүлдэг. Бүртгүүлэхдээ олон нийтэд анх удаагаа хувьцаагаа санал болгох үнийг компанийн үнэлгээ болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойлдог.

Харин олон улсын хувьд компани биржид бүртгүүлэн IPO хийхийн өмнө хувьцааны үнийг “Захиалга хүлээн авах” болон “Өрсөлдөөнт үнэ хаялцах” гэсэн үндсэн хоёр аргаар тогтоодог. “Захиалга хүлээн авах арга” ашиглан IPO үнэ тогтоохдоо биржид бүртгүүлж буй компани болон захиалга хүлээн авч буй андеррайтер үнэт цаасны компани нь нийтэд санал болгох хувьцааны үнийг урьдчилсан байдлаар эхэлж тогтоодог.  Уг үнэ нь зах зээлийн нөхцөл байдал, сонирхлыг судлах явцад боломжит хөрөнгө оруулагчдад үнийн доод, дээд хязгаар хэлбэрээр танилцуулагддаг бөгөөд тухайн компанийн бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдийг нарийн тооцоолж, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, IPO үнэ тогтоохтой холбоотой бусад мэдээллүүд дээр тулгуурлан тогтоогдсон байдаг. Үнэлгээ хийсний дараа захиалга цуглуулах явцад олж мэдсэн хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхол, бэлтгэл ажлын хугацаанд зах зээлд үүсэж болзошгүй эрсдэлийн хүчин зүйлс болон боломжит эрэлтийн хэмжээ зэрэгт тулгуурласан баримт дүгнэлт, бодит нөхцөл байдлыг бүхэлд нь анхаарч үзсэний үндсэн дээр IPO хийх хувьцааны үнийг тогтоодог байна.

Харин “Өрсөлдөөнт үнийн арга”-д хөрөнгө оруулагчид нийтэд санал болгох хувьцааны 50% болон түүнээс дээш хувьд авах үнийн санал өгч тэдгээр саналд тулгуурлан IPO хийх үнэ тогтдог. Үнэ хаялцах үйл ажиллагааны үед үнэт цаас гаргагч компанийн хүлээн авсан хамгийн бага авах үнийн санал болон тухайн компанитай харьцуулалт хийхэд тохиромжтой хоёр ба түүнээс дээш бүртгэлтэй компанийг андеррайтер нь сонгон авч, тэдгээрийн жигнэсэн дунджаар үржүүлдэг. Тухайлбал Токиогийн хөрөнгийн биржийн хувьд 85% байдаг аж.

Үнэ хаялцах үйл ажиллагаа дууссаны дараа үнэт цаас гаргагч компани болон андеррайтер нь үнэ хаялцан түрүүлсэн үнийг тухайн үнээр хэрэгжих боломж, бүртгэл хийгдэх хүртэл гарч болзошгүй эрсдэл, ялсан үнээр бий болох эрэлтийн хэмжээ зэрэг бодит нөхцөл байдлыг сайтар тооцоолсны үндсэн дээр IPO хийх үнийг тогтоодог. Мөн зах зээлийн ил тод шударга байдлыг хангах үүднээс ямар үндэслэлээр тухайн үнийг тогтоосон талаар нээлттэй мэдээлэх шаардлагатай байдаг.

Хөрөнгө оруулагчдаас ирсэн авах үнийн саналыг үнэт цаасны компани хүлээн авч арилжааны системд дамжуулсны үндсэн дээр үнэ хаялцах явцыг өрсөлдөөнт зарчмаар явуулна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment