ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий ¼ шигшээгийн Франц-Уругвайн шигшээ багийн халз тулаан Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.06/ үдшийн 22 цагт эхэлж, францчууд 2:0-ээр хожиж, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо.
Энэ тоглолтын 40 дэх минутад Рафаэль Варан анхны гоолыг хийсэн бол 61 дэх минутад Антуан Гризманн хоёр дахь гоолыг Уругвайн хаалганд оруулсан юм. Ийнхүү сүүлийн 29 минут болон нэмэлт 5 минутад аль аль нь гоол оруулж чадалгүй францчууд Уругвайн шигшээ багийг 2:0-ээр хожиж шөвгийн дөрөвт шалгарч, уругвайчууд гэртээ харилаа.
Үүний дараа Бельги-Бразилын шигшээ багийн халз тулаан Казань хотын “Казань арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.07/ шөнийн 02 цагт эхэлж, 2:1-ээр бельгичүүд хожиж хагас шигшээд өрсөлдөхөөр болов.
Эхний гоолыг тоглолтын 13 дахь минутад Бразилын Фернандиньо өөрийн хаалганд авто гоол хийснээр бельгичүүд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын 31 дэх минутад Кевин де Брюйне Бразилын хаалганд гоол оруулснаар 2:0-ээр Бельгийн шигшээ баг тэргүүллээ улам бататгасан юм.
Хүчирхэг энэ хоёр багийн сүүлийн хагасын 76 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Бразилын Ренато Аугусто анхны гоолыг оруулж багтаа итгэлийн галыг бадраасан. Харин бразилчууд сүүлийн 14 минут болон нэмэлт 5 минутад олон удаа довтолж тоглосон ч гоол оруулж чадалгүй цаг дуусч Бельгийн “Улаан чөтгөрүүд” 2:1-ээр ялалт байгуулав.
Ийнхүү "Улаан чөтгөрүүд" энэ удаагийн ДАШТ-ий хагас шигшээд Францтай тоглохоор болж, дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ шөвгийн наймаас хасагдаж гэртээ харихаар болов.