Зам тээврийн, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хоёр жил ор сураггүй алга болсон халиун морио олж авсан талаараа цахим хуудсанаа ийнхүү бичжээ.
Тэрбээр “Халиун морио оллоо. Алга болоод хоёр жил болжээ. Нүднийх нь цог буурчихсан, толгой хүзүү нь нилдээ хазаар ногтны шарх сорив болчихсон ирж. Бодвол гүйчихнэ гэж үргэлж уяа ногттой байсан бололтой. Сураг сонсоод очиход уяан дээр ганцаараа уяатай зогсож байсан гэнэ. Ижил сүрэгтээ сор нь болж нутгийн олныхоо нүдийг баясгаж явсан адуу хүний нутагт чөдрийн ганц шиг уягдахаар яаж өөдтэй байх вэ дээ.
Нутагтаа авчраад адуунд нь тавихад сүргээ таньж үнэрлэж унгалдаад үнэхээр өрөвдөм байсан гэж дүү маань хэллээ. Заримдаа халиун морь маань гэнэт бодогдож хаа нэгтэйгээс гараад ирэх бол уу гэж горьдлого төрдөг байж билээ. Магадгүй тэнд нутгаа санаад унгалдахад нь энд надад бодогддог ч байсан байж магад.
Монгол хүний сэтгэлд адуу их том орон зай эзлэх юм даа. Телевизийн бичлэгээс харж таниад хэл өгсөн тайлбарлагч Ганпүрэв дүүдээ маш их баярлалаа” гэжээ.