8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид гурван медаль хүртжээ

2018-05-13 12:00:00

Бөхийн төрлүүдийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентэд болж байна. Чөлөөт бөхийн охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж, манай улсаас охидын 40 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Батсайханы Номун, 69 кг-д Архангай аймгийн тамирчин Ганболдын Намуунцэцэг нар мөнгө, 61 кг-д Завхан аймгийн тамирчин Батхуягийн Оюунгэрэл хүрэл медаль хүртэв.

40 кг-д Б.Номун хэсгийн барилдаанд Энэтхэгийн Светег цэвэр, Казахстаны Марал Тангарбергеноваг 9:2-ээр, хагас шигшээд Японы Коконэ Йокохамаг 8:4-өөр, эзэн орны Миножахон Самиевад цэвэр ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм.

61 кг-д Б.Оюунгэрэл хэсэгтээ БНХАУ-ын Зао Кинийг 9:2-оор ялсан ч Энэтхэгийн Аншу Аншуд 1:4-өөр ялагдав. Хагас шигшээд Японы Рүка Натамид 0:4-ээр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Агсунгул Азизоваг цэвэр ялжээ.

69 кг-д Г.Намуунцэцэг хэсгийн барилдаанд БНХАУ-ын Зан Менгвейд 0:4-өөр ялагдсан ч Японы Риерү Одаг 2:1-ээр ялсан. Хагас шигшээд Энэтхэгийн Аншу Гужжарыг 7:4-өөр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Хятадын Зан Менгвейд дахин учраа таарч оноогоор цэвэр ялагдлаа. Өнөөдөр 46 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Алтанцэцэгийн Отгонзаяа, 53 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Мөнхбатын Пүрэвтунгалаг нар хэсэгтээ нэг ялж, хоёр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Өнөөдөр хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээрээс долоо нь “Буэнос-Айрес-2018” дэлхийн өсвөр үеийн олимпийн наадмын эрх олгох жин юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл