“Далайн нүүдэлчид” хэмээн нэрлэгддэг Индонезийн Бажау омгийнхон Азийн өмнөд хэсэгт олон мянган жилийн турш усан дунд модон байшин барьж, загасчилж амьдарч байна. Энэ хүмүүс өдрийн ихэнх хугацааг усан дор, 70 метрийн гүнд шумбаж өнгөрүүлдэг.
Тэднийг усан дор удаан хугацаагаар амьдрах чадвартай гэдгийг эрдэмтэд нотолсон ч нууцыг нь хэн ч тайлж чадаагүй юм. Тэгвэл саяхан Кембриджийн их сургуулийн эрдэмтэд Бажау омгийнхныг дагнан судалсны эцэст дэлүү нь энгийн хүмүүсээс хоёр дахин том бөгөөд усан доор нэг удаад 13 минут байх онцгой чадвартай гэж дүгнэжээ. Хүний дэлүү том байх тусмаа хүчилтөрөгчийг тархи, зүрхэнд хурдан түгээж, усанд шумбах чадвар нь нэмэгддэг байна. Энгийн хүний дэлүүний хүчилтөрөгч шахах хэмжээ 9 хувь байдаг бол Бажау омгийнхон үүнээс хамаагүй илүү гэсэн үг юм.
ДНК-ийн шинжилгээ хийж үзэхэд PDE10A хэмээх онцгой гень илэрсэн гэнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ гень нь тэдний дэлүүний хэмжээ өөрчлөгдөж, бамбай булчирхайн даавар нь үүнтэйгээ дасан зохицоход нөлөөлжээ. Үүнээс үзвэл, зөвхөн том дэлүү нь биш эд эрхтнүүд нь аажмаар хувьсан өөрчлөгдөж, тэр хэмжээгээр усан дор амьдрах чадвар нь нэмэгддэг ажээ.
Т.Энхэлээ