Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд (III.17-18) Японы Такасаки хотын “Takasaki Arena”-д боллоо. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед (Туркийг оролсон) гэсэн найман орны баг өрсөлдсөн. Монголын эмэгтэй бөхчүүд өчигдөр “В” хэсэгт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон юм. Манай бүсгүйчүүд Сэм авгын бүсгүйчүүдийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл хүрэл медалийн төлөөх гурав дахь удаагийн уулзалтад манай бүсгүйчүүд 6:4-өөр яллаа. Өнөөдөр эр цэргийн баярын өдөр тохиож байгаа. Тиймээс эмэгтэй бөхчүүд маань Дэлхийн цомын хүрэл медалиар эрчүүддээ “бэлэг” барилаа.
Манайхнаас 50 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл эхлээд Виктория Энтонид 2:8-аар ялагдсан ч удаах дөрвөн барилдаанд ОУХМ Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалж сөхрүүлснээр тоог 4:1 болгосон. Үүний дараа гавьяат тамирчин П.Орхон Мэллори Велтэд 9:11-ээр, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Форрест Молинарид цэвэр ялагдснаар байдал тун эвгүйтсэн. Харин 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Тамыра Менсад 0:5-аар ялагдаж явсан ч мушгиж хоёр оноо аваад тэндээсээ даралтад оруулж багтаа тун чухал ялалтыг авчирлаа. Улмаар гавьяат тамирчин О.Насанбурмаа Виктория Фрэнсисийг 11:3-аар буулган авснаар манай бүсгүйчүүд ялах нь тодорхой болсон юм. Сүүлийн барилдаанд спортын мастер О.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйд оноогоор цэвэр ялагдав.
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Монгол - АНУ 6:4
50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Виктория Энтони 2:8
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант 10:6
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жакарра Винчестер 9:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Аллисон Рэган 10:0
59 кг: Баатаржавын Шоовдор - Кайла Миракле 5:4
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Мэллори Велт 9:11
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Форрест Молинари цэвэр ялагдсан
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Тамыра Менса цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа - Виктория Фрэнсис 11:3
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Аделине Грэй 0:10