Аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалж мэргэжлийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, тур операторууд өрсөлдөх чадвартай үнэ санал болгох, их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжгүй болдог. Зочид буудлын ор ашиглалт, агаарын тээврийн компаниудын суудал дүүргэлтийн түвшин ч улирлаас шууд хамаарч, аялал жуулчлал, түүнийг дагасан олон бизнесүүд 10-р сараас 6 дугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог билээ. Тэгвэл энэ асуудлыг Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд явуулах замаар шийдвэрлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргалаа. Өнгөрсөн онд 129 534 гадаадын иргэн албан зорилгоор манай улсад жуулчилсны 44 508 нь 6, 7, 8 дугаар сард иржээ.
“Төвлөрлийг сааруулах арга хэмжээ авснаар тур оператор компаниудад зуны улиралд авдаг жуулчдаа багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Төрийн байгууллагууд ч төсөв хэмнэх боломжтой болно. Учир нь бид Улаанбаатар хотын 4, 5 одтой 10 зочид буудалтай 9-р сараас 5-р сар хүртэл 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гадаад сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлж байгаа” гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга онцлов.
Улаанбаатар хот нь долоо хоногт дунджаар 5 чиглэлийн 20 олон улсын галт тэрэг, 7 авиа компанийн 9 чиглэлээр 50 орчим олон улсын нислэг хүлээн авдаг бүс нутгийн зам тээврийн зангилаа боловч зорчигч урсгалын хувьд жилийн саруудад ихээхэн ялгавартай байдаг. Нийт жуулчдын 44 хувь нь 7, 8, 9 дүгээр саруудад ирдэг тул энэ үед олон улсын нислэг болон зочид буудлуудад их хэмжээний ачаалал үүсдэг байна. Нийслэл хотын зүгээс хурал зөвлөгөөнөөс гадна өвлийн эвентэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй аж. 2-р сарын 06-ны өдөр “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
Аялал жуулчлалын улирлыг уртасгана
2016-01-25 17:16:00