Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ нэгдүгээр сарын 12-14-нд Орхон аймгийн “Хангарьд палас”-т боллоо. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн түүхт ой энэ жил тохиож байгаа. Тиймээс Монголын Улсын XX зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” гурав дахь удаагаа (өмнө нь 1986, 2003 онд болсон) шилдгүүдийн нутагтаа хүлээж авсан юм. Мөн Монгол хүн, тэр дундаа чөлөөт бөхийн тамирчин хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр зуны олимпийн их наадмаас медаль хүртсэний 50 жилийн түүхт ой энэ жил тохиож байгаа. Тиймээс хоёр түүхт ойтой давхцсан жил “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт хороо, МЧБХ хамтран насанд хүрэгчдийн УАШТ-ийг өндөр түвшинд зохион байгуулав. Гурван өдөр "Хангарьд" спорт хорооны зааланд үзэгчдийг уясан тэмцээн сонирхолтой, гал гарсан барилдаанаар дүүрэн болсон бөгөөд 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдлөө. ДАШТ-ий гурван хүрэл медальт, Азийн аварга гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Д.Гомбодорж нар Орхоны дэвжээнд долоо дахь түрүүгээ хүртлээ. “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медаль, цэргийн дэлхийн аварга О.Үйтүмэн тав, "Ташкент-2014" ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир, Азийн АШТ-ий медальтнууд болох ОУХМ Ш.Түмэнцэцэг, Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, Б.Шоовдор дөрөв, гавьяат тамирчин П.Орхон гурав, "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ОУХМ Н.Золбоо, А.Батцэцэг хошой аварга боллоо. Хашир мастерууд харих болоогүй гэдгээ Эрдэнэтэд харуулсан гэхэд буруудахгүй болов уу. Харин ОУХМ Л.Төртогтох, спортын мастер А.Чанцалнямаа, Ц.Цогбадрах, Б.Бямбадорж, Б.Зоригтбаатар нар анх удаа улсын аварга хэмээх алдрын эзэн болсон юм. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жин хамгийн олон бөх барилдсан бөгөөд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нэмэхбаяр тэргүүтэй шилдэг хүчтэнүүд медальгүй хоцорсон. 125 кг-ын жинд "Рио-2016" олимпийн наадамд оролцсон, 2014 оны Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга хоёрдугаар тойрогт сүүлийн үед өсч яваа "Аварга"-ын М.Лхагвагэрэлд 1:2-оор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Завханы залуу хагас шигшээд Н.Золбоод, хүрэл медалийн төлөөх барилдаанд М.Билгүтэйд ялагдснаар медалийн гадна үлдсэн. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд УАШТ-ээс 10 гаруй медаль хүртсэн хашир туршлагатай мастер А.Чанцалнямаа гол өрсөлдөгч ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 11 удаагийн аварга, ОУХМ Б.Одончимэг, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэг гэсэн хүнд жингийн шилдгүүдийг цэвэр ялж, улсын аваргын анхны алтан медаль нь тун амттай байв.
ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Азийн АШТ болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Анхбаяр, Азийн АШТ-ий болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга ОУХМ С.Батболд нарын манай урдаа барьдаг сайчууд энэ жилийн УАШТ-ийг тодорхой шалтгааны улмаас өнжсөн юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (25 бөх): 1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар) 2. Батжаргалын Төгс (Төгс) 3. Болдын Түмэнцогт (Хасу-Мегастарс), Цэдэвийн Мандалсүрэн (Алдартан)
61 кг (20 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 2. Цэрмаагийн Чинзориг (Мэргэд хангай) 3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар), Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд)
65 кг (30): 1. Энхсайханы Ням-Очир (Хилчин) 2. Батчулууны Батмагнай (Алдар) 3. Төмөр-Очирын Тулга (Арслан), Ганхуягийн Ханбүргэд (Даян дэвжээ)
70 кг (28): 1. Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 2. Лутбаярын Батбаяр (Женко) 3. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), Гансүхийн Бэгзжав (Аваргууд)
74 кг (20): 1. Ганзоригийн Мандахнаран (Алдар) 2. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 3. Болдхүүгийн Батсүх (Хасу-Мегастарс), Гантулгын Идэрхүү (Аваргууд)
79 кг (17): 1. Доржваанчигийн Гомбодорж (Мэргэд хангай) 2. Ганболдын Төрболд (Женко) 3. Гүр-Одын Цэрэнпунцаг (Хангарьд), Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ (Аврагч)
86 кг (16): 1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) 3. Баатарын Нямбаяр (Ирээдүй), Ганбаатарын Ганхуяг (Аваргууд)
92 кг (27): 1. Лувсандоржийн Төртогтох (Арслан) 2. Доржготовын Доржсүрэн (Аврагч) 3. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс), Чинбатын Алтангэрэл (Хилчин)
97 кг (15): 1. Батсүхийн Зоригтбаатар (Мэргэд хангай) 2. Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин) 3. Өлзийсайханы Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай)
125 кг (28): 1. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) 2. Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ (Мэргэд хангай) 3. Батнасангийн Гончигтавхай (Цастын барс), Мөнхжаргалын Билгүтэй (Женко)
Эмэгтэйчүүдийн 50 кг (14): 1. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд) 2. Цог-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 3. Нандинцэцэгийн Анударь (Аврагч), Сэдбазарын Энхтунгалаг (Төгс)
53 кг (6): 1. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин) 2. Ганбаатарын Отгонжаргал (Алдар) 3. Оргилсайханы Ванчигмаа (Женко), Наранчулууны Мөнхзул (Хангарьд)
55 кг (7): 1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 2. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар) 3. Баяраагийн Халиунаа (Орхон, Ирээдүйн одод), Батхуягийн Хулан (Хангай хайрхан)
57 кг (11): 1. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 2. Балжиннямын Энхтүвшин (Аврагч) 3. Пүрэвхүүгийн Шинэхүү (Алдар), Бат-Очирын Болортуяа (Женко)
59 кг (8): 1. Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Энхбатын Гантуяа (Хилчин) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко), Амгаланбаатын Наранцацрал (Аваргууд)
62 кг (6): 1. Пүрэвдоржийн Орхон (Алдар) 2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Женко) 3. Баярбаатарын Сарнай (Мөнхийн хүчтэн), Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
65 кг (7): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Отгонбатын Оюунтуяа (Хүч) 3. Ганбаатарын Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс), Энхбаярын Цэвэгмид (Алдар)
68 кг (7): 1. Шархүүгийн Түмэнцэцэг (Хилчин) 2. Мөнхбатын Хишигмаа (Хүч) 3. Энх-Амарын Даваанасан (Алдар), Хөхөөгийн Батцэцэг (Цастын барс)
72 кг (10): 1. Очирбатын Насанбурмаа (Женко) 2. Зоригтын Болортунгалаг (Хангай хайрхан) 3. Буянжаргалын Даваацэрэн (Аваргууд), Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар)
76 кг (6): 1. Амгаланбаатарын Чанцалнямаа (Хүч) 2. Ганбатын Ариунжаргал 3. Бадрахын Одончимэг (хоёул Алдар), О.Анударь (Аваргууд)
БАГИЙН ДҮН:
Эрэгтэйчүүд: 1. “Алдар” 2. “Хасу-Мегастарс” 3. “Аваргууд”
Эмэгтэйчүүд: 1. “Алдар” 2. “Хасу-Мегастарс” 3. “Женко”