Харумафүжи Д.Бямбадорж нь нутаг нэгт бөх болох Таканоива А.Баасандоржийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдож улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлсан.
Тэгвэл түүнийг бусдын биед халдаж, танхайрсан хэрэгт буруутган Тоттори хотын шүүхээс 500 мянган иений торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм.
Харумафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр шийдвэрээ гаргажээ. Сүмогийн ертөнцийг донсолгосон дээрх дуулианы улмаас Харумафүжи нэгэнт зодог тайлах шийдвэр гаргасан тул Японы сүмогийн холбооноос түүнд шийтгэл оноогоогүй юм. Түүний багш, ояката Исэгахама мөн өөрийн хүсэлтээр Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлөөс огцорсон билээ. Харин хэрэг гарах үеэр зохих арга хэмжээ аваагүй гэж ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын цалинг хасах шийдвэрийг Сүмогийн холбоо гаргасан юм.