Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас бага ангийн сурагчдын амралтыг тав хоногоор сунгахаар боллоо. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү сунгаж байгаа бөгөөд хичээл хоёрдугаар сарын 2-ны мягмар гарагаас эхэлнэ.
Харин дунд, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 25-ныг дуустал амарч, 26-наас хичээл нь эхэлнэ. Хөдөө орон нутагт бага ангийн сурагчдын амралт нийслэлээс ялгаатай буюу хойно эхэлсэн бөгөөд тэд ч мөн хоёрдугаар сарын 2-ноос хичээлдээ орох юм.
Хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас 1-5 дугаар ангийн сурагчдын амралтыг тав хоногоор сунгах хүсэлтийг Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд өнөөдөр хүргүүлсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэжээ.
2015 онд БСШУ-ны сайдын тушаалаар сурагчдын өвлийн амралтыг сунгаж 4-5 долоо хоног байхаар сунгажээ. Үүнээс өмнө өвлийн амралт хоёр долоо хоног үргэлжилдэг байсан аж.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан амралтыг сунгаснаар зуны амралт мөн хойшилно гэдгийг БСШУЯ-наас мэдээллээ.