Сүүлийн жилүүдэд манай тамирчдын спортынхон ёс зүй гэж алга болжээ. Жилдээ ганц болдог улсын наадам болохоос сарын өмнөөс эхлээд дархан аваргууд нь зүүний жигүүрт манлайлан гарна гэж олон нийтийн мэдээлллийн хэрэгслээр хэрэлдэж эхэлдэг. Үндэсний бөхийн бөхчүүдтэй холбоотой хэргүүүд ээлж дараалан гардаг гэхэд болно. Сүүлд гэхэд Улсын заан Ц.Баярсайханыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноосон. Учир нь Ц.Баярсайхан нь аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс нийт 500 сая төгрөгийг “Мах импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн мэхлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ. Түүнчлэн Улсын начин, жудо бөхийн Олон улсын хэмжээний мастер Б.Одхүү 2013 онд нийслэлийн “Garden” ресторанаар үйлчлүүлж байхдаа Монгол Улсын заан Ц.Баярсайханыг зодож, хүнд бэртээсэн, 2004 онд “Muse” бааранд, 2005 онд Баянгол дүүрэг дэх “Аяз” бааранд, дараа нь мөн Тэрэлж дэх “Гурван түрэг” амралтын газарт Английн иргэн Налон Корбитт болон Б нарыг зодсон хэрэгт шүүхээс хорих ял сонсч байсан юм.
Мөн Улсын харцага Г.Намсрайжав 2012 онд ажил үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн алба хаагчийг зодож гэмтээсэн. Уг үйл явдал нь замын камерт бичигдэж олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан юм. Түүний хүү нь Улсын Арслан Н.Батсуурь билээ. Бөхчүүд зүлэг ногоон дэвжээнд гараад ч олны дургүйг хүргэсэн үйлдэл цөөнгүй гаргадаг. Энэ мэт бөхчүүдийн талаархи ёс зүйгүй үйлдлийг бичээд байвал дуусахгүй. Харин их спортод ялангуяа эх орныхоо нэрийг олон улсад өргөдөг манай топ спортуудын нэг бол бокс. 2008 оны Бээжингийн олимпоос алт, мөнгөн ихэр медаль авч Монголын ард түмнийг баярлуулж байсан цаг саяхан мэт. Гэвч манай топ спортын тамирчдын ёс зүйгүй болжээ. Учир нь энэ сарын 11-17-ны өдрүүдэд боксын улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Уг тэмцээний 75 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Содгэрэл тамирчин хүнд байж боломгүй зан гаргаж олны дургүйцлийг хүргээд байна. Учир нь тэрбээр тоглолтын үеэр шүүгчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, шүүгч рүү гар далайж үзэгчдийн өмнө тун ч болчимгүй үйлдэл гаргасан юм. Түүнийг дэвжээнээс буулгаж тэмцээнээс хассан байна. Хамгийн их шүүгчдээс хамааралтай, шүүгчдийн буруу шүүлтээс болж манай олон тамирчид олон улсын тэмцээнд медиалаас мултарсан тохиолдол цөөнгүй байдаг. Гэвч тэд Б.Содгэрэл шиг шүүгч рүү дайрч зодохыг завдаж байгаагүй юм. Харин одоо рингэн дээр ёс зүйгүй авирлаж шүүгчийг зодохийг завдсан тамирчиндаа боксын холбоо ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ.
Б.Содгэрэл нь ОУХМ цолтой бөгөөд эх орныхоо нэрийг гаргаж явсан манай нэрийн хуудас болж явсан тамирчин юм. Тэрбээр 2014 оны улсын аваргаас 75 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан аж. Б.Содгэрэлийн аав Баттөр нь боксын спортод насаараа зүтгэж яваа манай ахмад тамирчдын нэг бөгөөд 1982 оны Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрбээр дэвжээнээс буугаад өөрийн "Хөх чоно" боксын клубыг үүсгэн байгуулсан аж. Б.Содгэрэлийн хувьд аавынхаа үүсгэн байгуулсан "Хөх чоно" боксын клубээс тамирчны гараагаа эхлэж байжээ.
Б.Дорж