Дэлхийн банкны “Doing Business” тайланд дурдсанаар манай улс бизнес эрхлэхэд хамгийн таатай 190 орноос 62 дугаарт бичигдсэн байна. Энэ нь хоёр байраар урагшилсан гэсэн үг юм.
“Doing Business 2018" тайлан нь уг жагсаалтыг гаргахдаа ерөнхий дүнгээр нь тооцож 1.27 хувиар өссөн гэж үзжээ. Мөн МҮХАҮТ-аас МУИС-тай хамтран боловсруулсан судалгаагаар Монгол Улсын бизнесийн орчны үнэлгээ дунджаас доош гарсан байна. Тухайлбал, бизнес хөгжүүлэлтэд хамгийн их саад болдог төрийн байгууллагууд нь татварын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, яам тамгын газар, орон нутгийн засаг захиргаа, гаалийн байгууллага гэж бизнес эрхлэгчид хариулжээ. Бизнес эрхлэгчид нэг цэгийн үйлчилгээ бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлсэн гэсэн бол импортын барааны гаалийн татварыг өсгөсөн нь үндэсний үйлдвэрлэлд дэмжлэг болоогүй гэж үзжээ.
Цаашид бизнесийн орчныг сайжруулахын тулд татварын дарамтыг багасгах, зээлийн хүүг бууруулах, авлига хээл хахууль, хүнд суртлыг арилгах нь хамгийн эн тэргүүнд хийх ёстой арга хэмжээ гэж хариулсан байна.