Холливуудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо өчигдөр Германы “Welt am Sonntag” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Жүжигчин хүн бүрд бүтээхийг хүсдэг дүр гэж бий. Надад ч гэсэн. Би ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дүрийг бүтээхийг хүсдэг. Бидний гадаад төрх өөр ч гэсэн энэ бол асуудал биш” гэж ярьжээ.
2011 онд жүжигчин залуу Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форум уулзалтад оролцох үеэрээ Путинтэй биечлэн уулзаж, дүрийг нь бүтээхийг хүсдэг тухайгаа ярьсан билээ. Жүжигчин залууг ийнхүү хэлсний дараа Путин “Тун сонирхолтой. Таны анхаарлыг татсандаа баяртай байна” гэж хэлжээ.
Каприо Ерөнхийлөгчийн дүрийг бүтээхийг хүсдэгээс гадна Оросын хувьсгалч Владимир Ильич Ленинийн дүрийг бүтээхийг хүсдэг талаараа ярилцлагынхаа үеэр дурьдсан байна.
Түүний сүүлд тоглосон “Амьд үлдэгч” кино ирэх сард болох 88 дахь удаагийн “Оскар”-ын 12 номнацид нэр дэвшжээ. Тэрбээр ийнхүү тав дахь удаагаа “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчин номнацид нэр дэвшиж байна.