8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: 21-р зууны Монгол Улсын иргэн гэртээ усанд ордог байх ёстой

2017-10-19 15:40:04

Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Бадельханд хандан үг хэлэхдээ “Үндэсний цөөнхөөс гарч ирсэн төлөөлөгчийг өнөөдөр БХБ-ын сайдад нэр дэвшүүлж байна. Монгол Улс ардчилсан улс учраас үндэсний цөөнхөө үргэлж дэмжиж, хамгаалж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилд А.Бакей гишүүн ТББХ-ны даргаар ажиллахдаа Монгол төрийн төлөө маш сайн зүтгэсэн. Мөн Х.Ержан дэд сайд зам тээврийн хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулсан. Өнөөдөр Х.Бадельхан гишүүнийг БХБ-ын сайдаар нэрийг нь дэвшүүлэн оруулж ирж байна. Та хэдийгээр үндэсний цөөнхийн төлөөлөл ч гэлээ монгол гэдэг нэгэн том улсын төлөө бүх хүчээ дайчлан зүтгэж чадна гэдэгт би итгэж байна.” гэдгийг онцлоод бодлогын чанартай дөрвөн санал хэллээ.

1.    Нийслэл Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 500 мянган хүн оршин сууна гэж тооцсон ч өдгөө сая гаруй хүн амьдарч байна. Даац хэтэрч, сургууль, цэцэрлэгтээ багталцахгүй болсон. Дахин төлөвлөх асуудлыг олон жил ярьсан ч үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь өндөр өртөг зардалтай ажил. Тэгэхээр Улаанбаатар хотыг дахин төлөвлөх гэж оролдохын оронд бусад улс орнуудын жишгийн дагуу засаг захиргааны төв болон худалдааны төвөө салгах хэрэгтэй. Казакстан, БНСУ зэрэг олон улс нийслэлээ шинээр байгуулж байсан туршлага бий. Монголд хангалттай газар байна.

2.     Улаанбаатар хот 152 хороотой. Үүнээс 92 нь хотын захад, гэр хороололд амьдарч байна. Нийслэлээс нийт 28 гишүүн сонгогдсон. Тэдний төлөөлөл болох Л.Болд, С.Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр нарын гишүүдийн хамтаар ШИНЭ ХОРОО бодлогыг санаачилж байна. 152 хорооноос 60-70 хороог сонгож аваад, ШИНЭ ХОРОО төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 140 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг БХБ-ын сайд сайн дэмжиж өгөөрэй. 21-р зууны Монгол Улсын нийслэлд амьдарч буй монгол хүн бүр боловсон жорлонд бие засч, хашаанаасаа ундны усаа авч, гэртээ усанд ордог байх ёстой. 

3.      Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачилгаар 28 байршилд хэрэгжүүлэхээр эхлүүлсэн дахин төлөвлөлтийн төслийн 50 хувь нь өнөөдөр зогсонги байдалд байгаа. Монгол төр өмнөх засгийнхаа сайн бодлогыг үргэлжлүүлж, мууг нь засаж залруулж явах ёстой. Дахин төлөвлөлт нь агуулгын хувьд зөв боловч хэрэгжихдээ ихээхэн хүндрэлтэй тулгарч байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 11, 12, 13-р хороодод төсөл хэрэгжүүлэхээр тендер авсан компаниуд мөнгө санхүүгийн хомсдолд ороод үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Дахин төлөвлөлтөд хамрагдахаар амьдарч байсан газраа аж ахуйн нэгжүүдэд өгчихсөн иргэд өнөөдөр орох оронгүй болчихсон, гадуур түрээсэлж байгаа байрынхаа мөнгийг  компаниудаас олж авч чадахгүй, олгохгүй, санхүүгийн хувьд ихээхэн хохирч байна. Эдгээр бэрхшээлийг нэн яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллаарай. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед компаниудад даатгасан дахин төлөвлөлтийн бодлого явахгүй байгааг бид харлаа. Иймд төр энэ ажлыг гартаа авч, өөрийн хөрөнгөөр байшингаа барьчихаад, иргэд нүүж орсны дараа чөлөөлсөн газар дээр нь дахин төлөвлөлтийн бодлого хэрэгжих ёстой.

4.      Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байшингуудыг нураагаад дахин барилгажуулах хөтөлбөрийг нийслэлд хэрэгжүүлж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 100 гаруй ийм барилга байна. 40, 50, 60 онд баригдсан барилгуудын дээвэр нураад уначихсан ч дотор нь хүмүүс амьдарсаар л байгаа. Монгол хүний аюулгүй амьдрах орчин нэн тэргүүнд тавих ёстой асуудал. Иймд эдгээр барилгуудыг нурааж шинээр барьж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж өгөөрэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment