8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сайд нарын нэрийг өргөн барьж, АТГ-аас МХЕГ-т анхааруулга өгсөн өдөр

2017-10-17 18:40:00

“Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэнд хүрэх хэцүү” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таныг энэ өдрийн амрыг эрье. Үдэш бүрийн энэ цаг үед эрхэм уншигч тантай учран золгодог  “Монголын нэг өдөр”  тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч “Алтан гадас”-ыг өөрийн “бууны нохой” болгон халамжилж аваад над руу туун “борвиноос зуулгаж” байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж тангараг өргөсөнийхөө дараа улс төрийн бодлогын зөвлөхөөр Н.Алтанхуягийг томилсон. Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх болсоноосоо хойш Н.Алтанхуяг анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн байна. Хэвлэлд ярилцлага өгөхдөө  "Хэрвээ АН шинэчлэгдье гэвэл янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс салах хэрэгтэй. Сая л гэхэд нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох хуралд манай Э.Бат-Үүл “60 тэрбум”-ын талд ашигтайгаар оролцлоо. Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хэцүү, үргэлж борвиноос зуудаг" гэж ярьсан. Тус ярилцлаганы хариу болгож, НИТХ-ын гишүүн Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөд хаягласан нийтлэл бичсэн байна. Мөн тэрбээр нийтлэлээ Н.Алтанхуягаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан бололтой. Э.Бат-Үүлийн бичсэн нийтлэлээс онцлох 30 ишлэлийг бэлтгэн хүргэж байна.

С.БАЯР, Ц.НЯМДОРЖ НАР КОММУНИСТ УГШИЛТАЙ НАМЫН ГИШҮҮД.

1.   Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх сонинд ярилцлага өгчээ. Зүгээр зөвлөх биш улс төрийн бодлогын зөвлөх шүү! 2.    Намайг үг сүггүй гүжирджээ. Муухай гүжирджээ.Муухайгаар зогсохгүй улс төрийн зорилгоор санаатай гүжирджээ. 3.   Намайг Ардчилсан Намаас зайлуулахыг намын шинэчлэлийн “гол нөхцөл” болгон “шаардах”-ын тулд гүжирджээ. 4.    “Бүлэглэлийн засаглал” гээчийн зохиогч нь, загалмайлсан эцэг нь “Алтан гадас”фракц гэдгийг манай намынхан нийтээрээ мэднэ. Ерөнхийлөгч бүр ч сайн мэднэ.

5.    Социалистуудын хуйвалдамтгай, урвамтгай, наймаачин сүнсийг тээгч “Алтан гадас” мэндэлсэн тэр өдрөөс Монголын улс төр Нарантуул зах шиг эрх мэдэл, албан тушаал наймаалцдаг зах болон хувирсныг ард түмэн андахгүй. Ерөнхийлөгч бас андахгүй.

6.    “Алтан гадас “хэмээх сүржин нэрийн цаана бодлогоор хомсхон улстөрийн цадиггүй панзчид нуугддаг. 7.    Алтангадасчууд “Алтан гадас”-аа ч худалдчихдагийг Үндэсний Бодлогын Хорооны сунгаагаар бид харж л байсан.

8.    Тэдгээр панзчид жилийн өмнөхөн Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг намаас хөөхийг манай намын шинэчлэлийн гол шаардлага болгон тулгаж байсан билээ.  9.    Тэр үед алтангадасчууд “Бүлэглэл”-тэй улс төрийн наймааны үнэ цэнээ тохирчихсон байсныг шинэхэн Ерөнхийлөгч мэдэхээр барах уу. 10. Ерөнхийлөгч маань өнөөдөр “Алтан гадас”-ыг өөрийн “бууны нохой” болгон халамжилж аваад над руу туун “борвиноос зуулгаж”байна.

11. Би Х.Баттулгад ямар ч гэм хийгээгүй.  Бид хоёр 90 оноос өнөөг хүртэл сайхан нөхөрлөж ирсэн. 12. Улстөрд ч хоорондоо эрх мэдэл булаацалдахаар тулж үзээгүй. 13.Угаасаа биалбан тушаал булаацалдаж “үсдэлцэж” сураагүй

14. Би Ерөнхийлөгчийн сонгуулиар 60 тэрбумд хариуцлага хүлээлгэх тухай уриалга гаргасан.  Миний уриалгыг 300 мянга гаруй хүн үзсэн нь сонгуульд зохих ёсоор нөлөөлсөн нь дамжиггүй. Гэлээ ч хариу болгож “бялууны үртэс” ч нэхээгүй. 15. Би хөдөө фермер болох санаатай мачийж байна.

16.Гэх зэргээр яаж ч бодоод үзсэн шинэ Ерөнхийлөгч надад дургүйцэн “нохойгоор туулгах” хувийн шалтгааныг би олж харахгүй байгаа юм. 17. Би Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй бодлогын ноцтой асуудлууд бий. Түүнийгээ ч нуудаггүй.

18. 90 онд бид нэг их гүрнээс хараат байхын эсрэг тэмцэж байсныг ардчилсан хувьсгалын партизан болох Баттулга тун сайн мэднэ.  19.Бизнесийн эрхийн халдашгүй байдлын талаар мөн л санал зөрөлддөг.

20. Ерөнхий сайд асан С.Баяраас эхлэн УИХ-ын дарга асан Ц.Нямдоржоор үргэлжилсэн хүний хувийн өмч,бизнесийн нэр төрд халдах явдал Ардчилсан Намынханд халдварлахдаа хүрсэн. 21. С.Баяр, Ц.Нямдорж нар коммунист угшилтай намын гишүүд.

22.Монголын коммунистууд иргэнийхээ хувийн өмчийг хурааж амьгүй албат болгосны горыг амсаж БНМАУ-ын эдийн засаг дампуурсан 23.Монголын эдийн засгийг аврах гэсэн зорилго л 90 оны ардчилсан хувьсгалын эдийн засгийн агуулгыг тодорхойлж байсан юм.

24. Өнөөдөр 90 оны өмч хувьчлалыг луйвар байсан гэх гишүүд УИХ-д цөөнгүй харагдаж байна билээ 25. Тэд давраад Мах импекс, Талх чихэр,Алтан тариа, АПУ, НИК гэх зэргээр хувьчлагдсан компаниудыг төрд нь эргүүлж авна гэсэн тогтоол гаргавал яах юм болж байна.  26. Луйвар луйвар биш эсэхийг,хууль бус мөн эсэхийг улстөрчид тогтоодоггүй зөвхөн шүүх тогтоодог юм. Шүүхээр луйвар гэдэг нь тогтоогдвол хураалгүй яах вэ.

27. Өмч хөрөнгийн асуудлыг шүүх бус улстөрчид яриад эхэлбэл цаанаа ямагт ямар нэгэн дээрмийн зорилго агуулж байсныг түүх нотолдог юм. 

28. Тийм учраас, төрийн индэр дээрээс хувь хүний бизнесийн нэр хүнд өмч хөрөнгө рүү халдахыг би сэжиглэдэг юм.  29. Асуудал байгаа бол шүүхээс зугтааж улстөржөөд байлгүй, шүүхэд хандах хэрэгтэй шүү дээ! 30. Тийм ээ! Ерөнхийлөгч бид хоёрт бодлогын зөрөө бий. Тэгэхээр үүнд эмзэглээд “Алтан гадас”-аар борвиноос зуулгаад байх хэрэггүй юм даа!

Storify: Цаазын ял нийгмийн захиалга мөн үү

2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ЦААЗААР АВАХ ЯЛЫН ХОРИГЛОХ  мэдэгдэл гаргаж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг хориглох заалт гаргахдаа “Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Түүний дараа 2011 онд Олон улсын “Hands off Cain” байгууллага “Цаазгүй ертөнц” хүндэт шагналаа Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Италийн Ром хотод гардуулан өгч байсан. 

Тус шагналыг гардуулан өгсөн Сенатын дэд ерөнхийлөгч, хатагтай Эмма Бонино хүндэтгэлийн ёслолыг нээж үг хэлэхдээ “Дэлхий даяар хүний эрхийг хамгаалах, амьд явах эрхийг баталгаажуулах, цаазлах ялыг байхгүй болгохын төлөө эрс шийдэмгий алхам хийж амжилт гаргасан лидерүүдэд энэ шагналыг олгодог. 2011 оны шагналыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгөхөөр шийдвэрлэсэн нь зүй ёсны юм. Монгол улс хүний амьд явах эрхийг баталгаажуулах талаар Азид үлгэр жишээ болж буйн баталгаа нь энэхүү шагнал болж байна” хэмээн хэлж байсан.

Үүнээс хойш  өмнө нь  Монгол Улсад зэрлэг балмад хэрэг маш их гарсан. Бага насны охидыг хүчирхийлэх, гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хүйс тэмтэрсэн хэрэг хүртэл гарсан. Нийгмийг сэртхийлгэсэн хэрэг гарах бүрт цаазаар авах, цаазын ялыг сэргээх нь зөв хэмээн иргэд байр сууриа илэрхийлж байсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт 12 настай охиныг төрсөн ах нь хүчирхийлдэг байсан хэргийн талаар мэдээлэл ил болсон. Мөн өнгөрсөн амралтын өдөр  5 настай бяцхан охиныг хойд эцэг хүчирхийлсэн аймшигт мэдээ гарсан. Тус хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн охиноос шинжилгээ авсан. Шинжилгээний хариу 3-5 хоногийн дотор гарах талаар албаны хүн мэдээлэл өгсөн. Тэгвэл энэ хэргийн араас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаагаа мэдэгдсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой хэмээн хэлсэн.  Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Их засаг хуульд цаазын ял оноох хэд хэдэн тохиолдол байсан талаар ч хуульч судлаачид илэрхийлж байгаа юм. Тухайлбал, урсгал усанд хувцсаа угаасан хүнийг цаазалдаг байсан, урвагчдыг цаазалдаг байсан гэх мэт жишээнүүд ч байгаа талаар Ерөнхийлөгч дурьдсан.

Харин олон нийт бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол цаазаар авах ял оноох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Цаазын ял нийгмийн захиалга мөн үү. Ингээд цаазын ялыг сэргээх талаар хэн юу хэлэв булангаа  хүргэж байна.  Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү. 

Ж.Бямбадорж: 1,6 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг шүүхийн шатанд явж байна

Өнөөдөр Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна. Тус хуралдааны үеэр олон асуудал яригдсанаас гадна бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудлыг нэлээд ярилцсан байна. Тус хуралдаанд  ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж илтгэл тавьж, хэд хэдэн ноцтой баримтуудыг дурдсан байна. 

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэлэхдээ  “Өнгөрсөн онд  2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Үүнэс 295 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Үүнээс 47 хувь нь хэрэгсэхгүй болгосон. Дөрвөн настай хүүхэд хүчиндсэн хэрэг шалгагдаж байна.  1,6 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг шүүхийн шатанд явж байна" хэмээн хэллээ. Зүрх шимшрүүлэм энэ хэрэг өнгөрсөн жил гарч шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа аж. Ойрын хугацаанд гарч байгаа гэмт хэргүүд болон ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг нэлээд гарсан. Энэ асуудалд УИХ-ын гишүүд болон хууль хяналтын байгууллага ажлын хэсэг гарган ажиллаж эрүүгийн хуулиа чангатгах хэрэгтэй болжээ. Мэдээлэл нь ил болж байгаа нь энэ боловч хүчирхийлэл нууц далд оршисоор байна.  

Хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мөргөжээ

Өнөөдөр замын цагдааг мөргөж гэмтээсэн зураг цахим орчинд тархаад байгаа билээ. Уг хэрэг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдааг мөргөж, унагаасан осол өчигдөр оройны 18.00 цагийн орчимд гарсан байна. 

Одоогоор тус цагдаа  замын голд ажлаа хийж байсан цагдааг мөргөсөн шалтгааныг тогтоохоор Замын цагдаагийн албаныхан ажиллаж байгаа аж. 

Ж.ЭНХБАЯР: Монголчууд 1990 оны үеийнхээ хөнгөн үйлдвэрийн хөгжилрүүгээ хүрэхэд уйгагүй 20 жилийн хугацаа байна

Өнөөдөр ХАА-н байнгын хороо хуралдсан бөгөөд уг хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэлсэн үг олны анхаарлыг татаж байна. Ж.Энхбаяр гишүүн хэлэхдээ “ 1990 оны үед Монголчууд жилдээ 900.000 тонн үр тариа авдаг, 10 сая гаруй мал экспортонд гаргадаг, 0-3 насны бүх хүүхдэдээ өрхийн эмчийн цохолтоор сүү, сүүн бүтээгдэхүүн өгдөг, ХАА-ын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулдаг, энэ салбараа дэмждэг ШУ-ны байгууллагуудтай байсан. Харин 30 жилийн дараа гэхэд тэр бүгд хийж бүтээсэн бүхнээ устгачихсан. Одоо буцаад тэр 1990 оны үеийн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжилрүүгээ хүрэхэд дор хаяж уйгагүй 20 жилийн хугацаа байна. Өнөөдөр тахиа, гахайнаас хэтрээд үхрийн махаа хүртэл импортоор авдаг боллоо.Сүүнийхээ 80%-ийг импортоор авч байна. ХАА-ын бодлого ингэтлээ уналтанд орсон байна. Ерөнхий сайдын ард иргэдээ эрүүл хүнсээр хангана гэдэг зоримог бодлогыг би дэмжиж байгаа. Тэгэхийн тулд ХАА-н бодлогын тогтолцоог яаралтай өөрчлөх ёстой. Энэ системийг өөрчлөхгүйгээр бид хол явах боломжгүй болсон. Малын удмын сангийн асуудал бүрэн хаягдсан. Монгол улсын нийт газар нутгийн 1%-д ч хүрэхгүй талбайд газар тариалан эрхлэхээр оролдож байгаа. Тэгэхээр ХАА-ын бодлогыг яаралтай хөгжүүлж байж иргэдээ эрүүл хүнсээр хангана. Уул уурхай ажлын байр нэмэгдүүлэхгүй гэдгийг бид хангалттай харлаа. Тэгэхээр 1990 оноос өмнө Монголчуудын чаддаг байсан зүйлээ л сэргээе” хэмээн хэллээ.

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Байнгын хороод сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томилохыг  96.6 хувиар дэмжлээ. 

 Шуурхай мэдээ: Сайд нарын нэрсийг өргөн барилаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод 15 яамны сайдын нэрсийг өргөн барилаа. Сайд нарын нэр өргөн баригдсанаар холбогдох байнгын хороодоор нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм.

Тодруулбал,  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,  Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан,  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарын нэрийг өргөн барилаа. 

АТГ-аас МХЕГ-т анхааруулга өглөө

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ мэргэжлийн хяналтын салбарын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг тус салбарын хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.

Тус газрын даргаар Д.Батмөнх 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 2 дугаар сар хүртэл, Ш.Раднаасэд 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэл, Ц.Шаравдорж 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл ажилласан бөгөөд Н.Цагаанхүү 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Удирдлагын томилгоо энэ мэтээр тогтвортой биш байдаг нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байв.

Хүний нөөцийн хангалтын хувьд цөмийн энерги, цацраг, эм зүй, эрүүл ахуй, эмчилгээ, оношлогооны хяналтыг хэрэгжүүлэх нарийн мэргэжлийн боловсон хүчин орон нутаг дахь салбар байгууллагуудад хомсдолтой байдаг байна. Төрийн захиргааны албан хаагч буюу байцаагчийн ажлын байранд тавигдах мэргэжлийн болон ажлын туршлагын шаардлагыг хангаагүй иргэнийг зарим тохиолдолд томилдог зөрчил байдал орон нутагт байгаа нь төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулахад хүргэж байгаа юм. Аймаг, орон нутагт зарим нарийн мэргэжлийн боловсон хүчин хомсдолтойг далимдуулан уг албан тушаалд мэргэжлийн бус, Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, удирдлагаас баталсан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй иргэнийг байцаагчийн албан тушаалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас нэр дэвшүүлж байгааг Ажлын хэсгээс дурдаж анхаарууллаа. МХЕГ 2015-2016 онд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсон 6 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин 20.8 сая төгрөг олгосон байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээ байгуулсан нь зохисгүй байна. Гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх шаардлага тулгарч байна. Орлого төвлөрүүлэхийн тулд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт шалгалтын аргыг түлхүү хэрэглэж, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх хэлбэрийг орхигдуулж байна. Энэ нь төрийн хяналт шалгалтыг урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж Ажлын хэсгээс дүгнэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд хилийн мэргэжлийн хяналт, барилга, уул уурхайн мэргэжлийн хяналт болон дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад ихээхэн эрсдэлтэй байдаг. Шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хувьд хилийн мэргэжлийн хяналт, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажилд орох хүсэл ихтэй байдаг нь үүний илэрхийлэл юм. Тус салбар эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг бий болгож хяналт шалгалтынхаа талаарх мэдээллийг цахим системд оруулж байгаа ч одоогийн байдлаар зөвхөн хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтынхаа талаар цахим системд оруулаагүй байна.

Байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын ихэнх хувийг орон нутгийн салбарын дарга, байцаагч нарын ёс зүйн доголдолтой холбоотой гаргасан өргөдөл, гомдол зонхилж байв. Гэвч тэдгээрийг тогтоон шийдвэрлэж арга хэмжээ аваагүй. Хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагын хувьд авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх нэг гол арга хэрэгсэл нь дотоод хяналт шалгалтын механизмын үйл ажиллагаа байтал ирсэн өргөдөл, гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шийдвэрлэх хүсэл сонирхолгүй байна. Тиймээс хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, албан хаагчдаа чадавхижуулах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс анхаарууллаа.

Ц.Оюунгэрэл: Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа тухай мэдээлэл өчигдөр гарсан. Ерөнхийлөгчийн уг санаачлагыг дэмжиж байгаа  ч гэсэн зарим нь шууд эсэргүүцэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагыг эсэргүүцэж байгаа талаараа цахим хуудснаа бичжээ. Тэрбээр "Цаазын ялыг эсэргүүцэж байна. Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна" гэж  твиттертээ жиргэсэн байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хороо 19 гишүүнтэйгээс 13 нь оролцож,  Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын дэмжсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл